Sunday, April 24, 2016



Йемений цэргүүд Эль-Мукалла хотыг чөлөөлөв

Йемений зэвсэгт хүчин өнгөрсөн оноос хойш “Аль-Кайда”-гийн дайчдад эзлэгдээд байсан өмнөд хэсгийн Эль-Мукалла хотыг чөлөөлжээ. Хотыг “Аль-Кайда”-гаас эргүүлэн авахад Арабын нэгдсэн эмирт улсын цэргүүд тусласан байна. Тэд Йемений цэргүүдийн хамтаар арабын орнуудын өргөн эвсэлд багтаж Йемений хусит босогчид болон жихад дайчидтай байлдаж байгаа аж. “Аль-Кайда”-гийн Йемен дахь салбарын дайчид ихээхэн орлого оруулж байсан Эль-Мукалла боомт хотыг орхиж ухрахаас өөр аргагүй болжээ. Йемений цэргүүд тус хотыг эргүүлэн авснаар лалын жихад дайчдын байр суурь ихээхэн сулрана хэмээн ажиглагчид үзэж байна. Эль-Мукалла нь Адений хоолойн эрэг дээр оршдог улс орын өмнөд хэсгийн чухал боомт хотын нэг юм.

Эрдоган армянуудын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 1915 онд Константинопольд амь үрэгдсэн армян иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Османы эзэнт гүрний армянуудын дурсгалыг хүндэтгэж, төрөл төрөгсдийнх нь уй гашууг хуваалцаж Стамбул дахь армян сүмд захидал илгээжээ. Үүний зэрэгцээ Туркийн лидер түүхийг үзэн ядалтаар улстөржүүлэхгүй байж, хөрш орнуудын ард түмнийг хагаралдуулах оролдого хийхгүй байхыг уриалав. Турк, Арменийн ард түмэн түүх, соёл уламжлалаараа холбоотой хэмээн Эрдоган онцолжээ.
Туркт армян иргэдийг хоморголон устгасан ээлжит ойд зориулсан эмгэнэлийн арга хэмжээ Ереван хотод болсон юм. Арменийн Ерөнхийлөгч Серж Саргсян энэхүү эмгэнэлт түүхийн золиос болсон хүмүүст зориулсан хөшөөнд цэцэг өргөжээ. Армени улс энэ явдлыг аймаглан устгалт хэмээн үзэж, энэ байр суурийг нь Аргентин, Бельги, Канад, Франц, Итали, Орос болон өөр хэд хэдэн улс албан ёсоор дэмждэг. Харин Турк улс армянуудыг хоморголон устгасан гэдгээ үл хүлээн зөвшөөрдөг билээ. Дэлхийн I дайны үеэр Османы эзэнт гүрэнд 1.5 сая армян үндэстнийг хоморголон устгасан хэмээн түүхчид үздэг аж.

Франц аялал жуулчлалаар тэргүүлэв


НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2015 онд хамгийн их жуулчин хүлээж авсан орнуудын жагсаалтыг гаргажээ. Франц улс өнгөрсөн онд 86.3 сая жуулчин хүлээн авч тэргүүлэв. АНУ 77.9, Испани 68.1 сая жуулчин хүлээн авч удаалжээ. Араас нь Хятад, Итали, Турк, Герман, Их Британи, Мексик, ОХУ оржээ. Аялал жуулчлалын салбараа хамгийн ихээр өсгөсөн орнуудыг Уганда улс (36.7 хувь) тэргүүлэв. Азербайжан 27.3, Катар 23.7, Парагвай 23.1, Гүрж 19.4, Тайланд 18.4, Танзани 16.5, Вьетнам 16.1, Мьянма 15.4 хувиар аялал жуулчлалаа өсгөж  чадсан байна. 

No comments:

Post a Comment