Saturday, April 2, 2016



Японууд ажил дээрээ ядарснаас болж нас барж байна

Япон улсад ядарч цуцсанаас болж нас барсан ажилтнуудтай холбоотой нөхөн төлбөрийн хэмжээ өсчээ. Ажил дээрх ядралтын улмаас нас барахыг “кароши” гэдэг. “Кароши”-тэй холбоотой шүүхийн нэхэмжлэл сүүлийн нэг жилд 500-гаас 1000 болж өсчээ. Ядралтын улмаас нас барсан ажилчдын эрх ашгийг хамгаалах үндэсний зөвлөл бодит байдал дээр энэ тоо хавьгүй их байгаа хэмээн мэдэгдэв. “Эрх баригчид зөвхөн хурал, цуглаан хийж энэ асуудлыг ярилцаж байна. Ажлын цагийг багасгах тал дээр Засгийн газар хангалтгүй ажиллаж байна” хэмээн тус байгууллагын төлөөлөгч Хироши Кавахито ярилаа.
Японы Хөдөлмөрийн яам хоёр төрлийн “кароши”-ийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь зүрх-судасны өвчинтэй холбоотой үхэл болон амиа хорлолт юм. Хэрвээ ажилтан зүрх-судасны өвчнөөр нас барахаасаа өмнө сард 100-гаас илүү цаг ажилласан бол ажил дээрх ядралтаас болж нас барсан гэж үздэг байна.

“Исламын улс”-ын газар доорх шоронгоос 1500 хүнийг суллажээ

Иракийн цэргүүд “Исламын улс” бүлгийн газар доорх шоронгоос мянга 500 орчим хүнийг суллажээ. Уг шоронг лалын босогчдын хяналтад байсан Анбар мужийн Хит хот орчмоос илрүүлсэн байна. Шоронд байсан нэг мянга 500 орчим энгийн иргэнийг бүгдийг нь сулласан хэмээн Иракийн цагдаагийн газрын төлөөлөгч Нимрави ярилаа. Иракийн цэргүүд гуравдугаар сарын дундаас эхлэн Ефрат мөрний эрэг дээр орших стратегийн чухал ач холбогдолтой Хит хотыг чөлөөлөх тулаан өрнүүлсэн юм. Сүүлийн хэдэн сард Иракийн цэргүүд “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд хэд хэдэн чухал ялалт байгуулж, Анбар мужийн нийслэл Рамади болон Хит хотыг чөлөөлжээ. Цаашлаад Фалужа хотыг чөлөөлөхөөр бэлтгэж байна. Иракийн арми өчигдрөөс эхлэн хоёр жилийн өмнө “Исламын улс” бүлэгт эзлэгдээд байгаа Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүллээ.

Брюсселийн нисэх буудал үйл ажиллагаагаа сэргээв

Террорист халдлагад өртөөд байсан Брюсселийн Завентем нисэх буудал өчигдрөөс үйл ажиллагаагаа сэргэжээ. Нисэх буудлын үйл ажиллагаа хэсэгчдэн сэргэж байгаа бөгөөд бүрэн сэргэтэл дахиад хоёр сарын хугацаа хэрэгтэй ажээ. Нисэх буудлын удирдлага өнгөрсөн баасан гаригт үйл ажиллагаагаа сэргээнэ гэж байсан ч цагдаагийн ажилтнууд аюулгүй байдлын арга хэмжээг дээшлүүлэх шаардлага тавьж ажил хаясан тул түр хойшлоод байжээ. Гуравдугаар сарын 22-нд амиа золиослогч хоёр этгээд нисэх буудлын бүртгэлийн танхимд бөмбөг дэлбэлсний дараа нисэх буудал хаагдсан юм. Энэ өдөр мөн Брюсселийн метронд халдлага үйлдсэн билээ. Алан хядах ажиллагааны улмаас 32 хүн амиа алдаж 250 хүн шархаджээ.

“Эль-Класико”-д Реал Мадрид ялалт байгуулав


Дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын шимтэн дурладаг “Эль-Класико”-буюу Барселона-Реал Мадридын тулаан өчигдөр “Камп Ноу” цэнгэлдэхэд боллоо. Дэлхийн хүчтэй лигийн хоёр агуу багийн тулааныг дэлхийн даяар 500 сая хүн үзсэн байна. Хоёрдугаар үед Каталоны клубын хамгаалагч Жерард Пике булангаас ирсэн бөмбөгийг мөргөж тооны харьцааг нээлээ. Гэвч эзэн хааны баг довтолгоогоо эрчимжүүлж 62 дахь минутад Тони Кроосын дамжуулалтаар Бензема гоолдож харьцааг тэнцүүлсэн юм. Реалын хамгаалагч Рамос хоёр дахь шар хуудсаа авч талбайг орхисон ч Криштиано Роналдо 84 дахь минутад Гарет Бейлийн дамжуулсан бөмбөгийг хүлээн авч гоол оруулснаар заналт өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор хожлоо. Реал ийнхүү гурван оноо авснаар Барсад долоон оноогоор ойртов. Испанийн лиг дуусахад долоон тойрог үлдээд байна. 

No comments:

Post a Comment