Wednesday, April 13, 2016




Оросын сөнөөгч онгоцууд АНУ-ыг өдөөн хатгасан уу

Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцууд өчигдөр Балтийн тэнгис дахь Америкийн цэргийн USS Donald Cook тээвэрлэгч хөлөг онгоцноос тун аюултай ойрхон зайд хэд хэдэн удаа нисч өнгөрчээ. Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест “АНУ-ын засаг захиргаа Оросын сөнөөгч онгоцны нислэгийн талаар мэдээлэл авсан. Тэднийг цэргийн зохих дүрэм журмыг биелүүлээгүй хэмээн үзэж байгаа” гэж мэдэгдлээ. Су-24 онгоц Америкийн USS Donald Cook хөлөгт маш ойрхон, нам өндөрт “түрэмгий” маягаар нисэн өнгөрч байгаа бичлэг, гэрэл зургийг Пентагон ил болгосон юм. “Энэ хэрэг явдал нь олон улсын ус болон агаарын орон зайд бие биенээсээ хол байх ёстой гэсэн цэргийн хүчний мэргэжлийн ес журамд огт нийцэхгүй байна” хэмээн Эрнест Вашингтон хотод мэдэгдсэн юм. Пентагоны мэдэгдэл Оросын нисгэгчдийн үйлдлийг “Хэтэрхий аюултай, өдөөн хатгасан, мөргөлдөөнд хүргэж болзошгүй” хэмээн нэрлэжээ. Америкийн цэргийн тээгч хөлгийн ахмад “Онгоцууд хөлгөөс арван метрийн зайтай нисэн өнгөрч, довтолж байгаа мэт үйлдэл хийсэн. Сөнөөгч онгоцууд зэвсэглэлээр хангагдаагүй байсан” хэмээн ярьжээ. Тээгч хөлөг онгоцны радио холбоонд сөнөөгч онгоцны нисгэгчид оросоор ч, англиар ч хариу өгөөгүй байна. Мөн Америкийн тээгч хөлөг дээгүүр Оросын Ка-27 нисдэг тэрэг өнгөрчээ. Нисдэг тэрэгнээс тээгч хөлгийн зургийг авсан хэмээн үзэж байгаа аж. Иймэрхүү үйлдэл 1970 онд байгуулсан задгай тэнгис дахь аюултай хэрэг явдлаас сэргийлэх тухай тохиролцоог зөрчиж болох юм. Вашингтон албан ёсны эсэргүүцэл илэрхийлэх нь эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
USS Donald Cook нь АНУ-ын тэнгисийн цэргийн флотын дөрөв дэх үеийн тээвэрлэгч хөлөг онгоц бөгөөд гол зэвсэг нь удирдлагатай пуужин юм. Зарим мэдээллээр, хөлгийн тавцан дээр Польшийн нисдэг тэрэг байжээ. Тээвэрлэгч хөлөг нь Польшийн Гданьск боомт руу явж байсан аж. АНУ-ын зэвсэгт хүчний Европ дахь командлал оросууд аюултай, мэргэжлийн бус агаарын маневр хийсэнд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. “Энэ үйлдэл нь улс гүрнүүдийн хооронд хурцадмал байдал үүсгэж, хүний аминд хүрч болох мөргөлдөөнд ч хүргэж болзошгүй” хэмээн Америкийн цэргийнхэн сануулжээ. АНУ-ын талаас мэдэгдэж буйгаар, сүүлийн хэд хоногт Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцууд Америкийн USS Donald Cook тээвэрлэгч хөлгөөс аюултай ойрхон зайд хэд хэдэн удаа нисч өнгөрсөн аж. ОХУ Крымийг өөртөө нэгтгэж Москва, өрнөдийн харилцаа эрс муудсаны дараа иймэрхүү үйлдэл нь сүүлийн  хоёр жилд нэг талаас Оросын зэвсэгт хүчин, нөгөө талаас АНУ болон түүний холбоотнуудын хооронд байнга гарах болсон билээ.

Агаарын орон зайг зөрчсөн, нисэх онгоцууд нэг нэгэнтэйгээ тун ойрхон нисч өнгөрсөн, агаарт мөргөлдөөн гарах шахсан, эсвэл цэргийн хөлөг онгоцууд ойрхон зөрсөн, довтолж буй мэт тун нам өндрөөр нисч өнгөрсөн зэрэг үйлдэл, хэрэг явдал байнга гарах болсон юм. Агаарын орон зайд, Балтийн орнуудын мэдлийн усанд, Балтийн тэнгист, бүр Стокгольм хотын ойролцоо ч маргаантай үйлдэл гарч байв. 2014 онд Оросын шумбагч хөлөг Шведийн мэдлийн ус руу орж ирсэн хэмээн Стокгольмийн эрх баригчид үздэг. Москва өрнөдийн орнуудад цэргийн “булчин шөрмөс”-өө харуулж байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Харин ВВС-ийн америк тоймч Гари ОДонахью болон өөр олон ажиглагч эдгээр үйлдэл санаатай болон санамсаргүйгээр цөмийн хоёр гүрний хооронд мөргөлдөөн үүсгэх вий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлжээ.

No comments:

Post a Comment