Saturday, April 16, 2016




Тед Круз Трампыг давамгайлав

Техасын сенатч Тед Круз Вайоминг мужид болсон Бүгд найрамдах намын сунгаанд ялалт байгуулж 14 төлөөлөгчийн саналыг бүгдийг нь авлаа. Үүний өмнөх сунгаанд Круз 12 төлөөлөгчийн санал, Дональд Трамп нэг, сенатч Марко Рубио нэг санал авсан юм. Бүгд найрамдах намын сунгаанд одоогоор Дональд Трамп 744 төлөөлөгчийн санал аваад байна. Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд 1237 төлөөлөгчийн санал хэрэгтэй. Т.Круз 559, Жон Кейсик 144 саналтай байна. Флорида мужийн сенатч, куба гаралтай Марко Рубио сунгаар орхиж, цаашдаа Тед Крузыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ.
Энэ мягмар гаригт Нью-Йоркт болох чухал сунгаанд нэр дэвшигчид идэвхтэй бэлтгэж байна. Энд 95 төлөөлөгчийн саналыг хуваах юм. Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг долдугаар сарын 18-21-нд Кливлендэд болох намын их хурлаас тодруулан зарлана. Ардчилсан намын нэр дэвшигч Филадельфид долдугаар сарын 28-нд тодрох юм.

Лондонд Засгийн газраа эсэргүүцэн жагслаа

Их Британийн хэдэн мянган иргэн Лондоны гудамжинд гарч Засгийн газрын эдийн засгийн бодлогыг эсэргүүцэн жагслаа. Жагсагчид Трафалгар талбайд цугларч эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн салбарын санхүүжилтыг хасч буйгаа зогсоохыг шаарджээ. Харин эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулахын тулд хэмнэх, хасах арга хэмжээ авч байгаа гэдгээ тайлбарлаж байна. Засгийн газар 2020 он хүртэл нийгмийн халамжийн зардлыг 12 тэрбум паундаас бууруулахаар болсон юм. Гэвч Хөдөлмөрийн сайд Ян Данкан Смит нийгмийн халамж, ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулж буйг эсэргүүцэн огцорсны дараа эрх баригчид энэ бодлогоо эргэн харахаар болжээ. Жагсаалд оролцсон олон хүн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг огцрохыг шаардаж байна. Саяхан ил болсон Панам дахь офшор данс, компаниудын дотор Д.Кэмероны нэр дуулдаж байсан билээ.

Сирийн 12 цагаач пап ламын хамт Итали руу нисчээ

Грекийн Лесбос арал дээр дүрвэгсдийн хуаранд зочилсон Ромын пап лам Франциск Итали руу буцаж нисэхдээ Сирийн 15 цагаачийг авч явсан байна. Пап ламын онгоцонд гурван гэр бүлийн 12 хүн (зургаа нь хүүхэд) суужээ. Ромын католик шашны тэргүүний сонгосон эдгээр азтай хүмүүс Италид цагаачлах эрхтэй болж байгаа ба тэднийг Италид суурьшихад нь Ватикан туслах аж. Европ тив дүрвэгсдийг сайнаар хүлээж авах ёстой гэдгийг пап лам Франциск харуулахыг зорьсон хэмээн Ватиканаас мэдэгджээ.
Франциск Лесбос аралд айлчлах үеэр 200 орчим цагаач эсэргүүцлийн жагсаал хийж, буцаан цөлөхийг зогсоож, Европын эрх баригчдыг хилээ нээхийг шаарджээ. Өнөөдөр Грекийн Лесбос арал дээр гурван мянга орчим цагаач цуглаад байгаагийн дийлэнхийг нь Турк руу буцааж цөлөхөөр болоод байна.

Хятад саятан тосгоны бүсгүйн төлөө эд баялагаасаа татгалзжээ

Хятадын сяатан Яо Наньшан тосгоны энгийн нэгэн бүсгүйн төлөө эд баялагаасаа татгалзжээ. Наньшан 2015 оны аравдугаар сар хүртэл Испанид амьдарчээ. 57 настай саятан эр Хятадын Чэцзян мужийн тосгонд ирж жинхэнэ хайртайгаа үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийн тулд Европ дахь эд хөрөнгөөсөө татгалзахаар шийдсэн байна. Тэд 2013 онд танилцжээ. Бэлэвсэрсэн Лицзянь бүсгүйн охид цусны ховор өвчин туссан юм. Саятан эр хайр сэтгэлээ илчлэхэд Лицзянь өөрийн хүндрэл, зовлонгоороо түүнд садаа болохгүйн тулд татгалзсан хариу өгчээ. Гэвч Наньшан “Үгүй” хэмээх хариуг хүлээж авсангүй. Тэрээр Испанид буцан очиж бүх хөрөнгө, активаа хүүхдүүддээ шилжүүлж өгчихөөд Хятадад буцаж иржээ. Наньшан өнгөрсөн шинэ жилээр сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэсэн бөгөөд эдүгээ тэд тосгондоо аж ахуй эрхэлж, мөн жижиг зочид буудал ажиллуулан амьдарч байна.

No comments:

Post a Comment