Saturday, April 23, 2016




Хиллари Клинтоны тухай таны мэдэхгүй таван баримт

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр тодрох асар их магадлалтай хатагтай Хиллари Клинтоны тухай таван сонирхолтой баримтыг сонирхуулъя. Өнөөдөр тэрээр Ардчилсан намын сунгаанд сенатч Берни Сандерсийн хамтаар өрсөлдөж байгаа билээ.
-Түүний нууц нэр “Мөнх ногоон”

Хиллари Клинтон Цагаан ордонд тэргүүн хатагтайн хувиар амьдарч байхдаа нууц нэр, кодтой байжээ. Нууц албаныхан түүнд “Мөнх ногоон” (Evergreen) хэмээх нэр өгч энэхүү нууц нэрээр нь томъёолон ярилцдаг байсан аж. Харин Билл Клинтоны нууц нэр нь “Бүргэд” (Eagle) байжээ.

-Тэр “Грэмми” шагналтай

Хиллари Клинтон 1997 онд “Шилдэг үг, Хөгжмийн бус цомог” ангилалд “Грэмми” шагнал авч байжээ. Тэрээр хүүхдийн хүмүүжил,сургалтад зориулсан “Бүхэл бүтэн тосгон хэрэгтэй” хэмээн номныхоо аудио хувилбараар энэ шагналыг авч байсан аж. Хиллари “Амьдралын минь түүх” зэрэг хэд хэдэн ном бичсэн билээ.

-Тэргүүн хатагтай сонгуульд өрсөлдөв

2000 онд Хиллари Клинтон Нью-Йорк мужийн сенатчийн суудлын төлөө өрсөлдөж ялалт байгуулснаар АНУ-ын Ерөнхийлөгчийн гэргий сонгуульд ялсан анхны тохиолдол болсон юм. 2006 онд өрсөлдөгч Жон Спенсерийг хол орхиж энэ албан тушаалд улиран сонгогдлоо.

-Нөхрийнхөө овгийг бүр сүүлд авчээ

Хиллари Родэм 1975 онд Америкийн ирээдүйн Ерөнхийлөгч Уильям Клинтонтой гэрлэсэн ч нөхрийнхөө овгийг аваагүй юм. Гэвч Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө Хиллари овгоо сольж Хиллари Родэм Клинтон хэмээн нэрлэгдэх болжээ. Тэрээр одоо Хиллари Клинтон гэж дуудуудах дуртай гэдгээ сурвалжлагч нарт хэлж байсан удаатай.

-1996 оноос хойш жолооны ард суугаагүй

Хиллари 1996 оноос хойш жолооны ард суугаагүй гэдгээ 2014 онд Шинэ Орлеанд Автомашин худалдаалагчдын үндэсний холбооны гишүүдийн өмнө гарахдаа хэлж байв. Тэрээр автомашин жолоодохыг хүсдэг ч ажил, алба нь ийм боломж олгохоо больсонд харамсаж явдгаа илэрхийлжээ. “1996 онд хамгийн сүүлд жолооны ард сууснаа одоо ч сайн санаж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт автомашин жолоодох байх аа” хэмээн тэрээр ярьжээ. 

No comments:

Post a Comment