Tuesday, April 5, 2016




Б.Обама “Исламын улс”-ын эсрэг тэмцлийн талаар ярилцав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагоны тэргүүн Эштон Картертай уулзаж глобал аюул заналхийлэл болон “Исламын улс” бүлгийн эсрэг хийх тэмцлийн талаар ярилцлаа хэмээн Reuters агентлаг мэдээлэв. Тэрээр Цагаан ордонд Э.Картертай уулзсаны дараа байлдааны командлагчид болон штабын дарга нартай уулзана хэмээн сэтгүүлчдэд ярилаа. Үүний өмнө Б.Обама НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзаж Ирак, Сири дахь “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцлийн талаар ярилцсан юм. АНУ тэргүүтэй холбоотны хүчин Ирак дахь “Исламын улс” бүлгийн пуужингийн мэргэжилтэн Абу Фиразыг устгаснаа зарласан юм. Абу Фираз нь Иракийн хойд хэсэг рүү пуужин харваж америк цэргийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байсан аж.

Хятад улс маргаантай арал дээр цамхаг босгожээ

Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дахь Спратл маргаантай бүлэг арлын бүрэлдэхүүнд багтдаг Зуби хадан хясаан дээр 55 метрийн өндөр ажиглалтын цамхаг босгожээ. Цамхагийг босгох ажил 2015 оны аравдугаар сард эхэлсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Спратл арлуудын газар нутгийг Вьетнам, Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней зэрэг хэд хэдэн улс булаацалддаг. Энэхүү бүлэг аралд нефть, хийн нэлээдгүй орд байдаг бөгөөд хэд хэдэн улсын цэргүүд байрласаар байна. Зуби хадан хясаанаас 16 км-ийн зайд байдаг Титу арал Филиппин улсын хяналтад байдаг. Хятад улс тэр хавийн хадан хясааг дэд бүтцийн барилга, байгууламжийн арал болгон хувиргаж, цэргийн зорилгоор ашиглах төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Дүрвэгсдийг Турк руу буцаахад Их Британи туслана

Дүрвэгсдийг Турк руу буцаах Европын холбооны тохиролцоог биелүүлэхэд туслахын тулд Их Британийн тал Грек рүү нэмэлт боловсон хүчнээ илгээнэ хэмээн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ. Тэрээр Грекийн Ерөнхий сайд алексис Ципрастай утсаар ярилцахдаа энэ тухай дуулгасан байна. Британийн Засгийн газрын тэргүүн дүрвэгсдийг Турк руу буцаах гэрээг биелүүлж эхэлсэн Грекийн эрх баригчдад талархал илэрхийлжээ. Энэ гэрээг биелүүлэхэд туслах нэмэлт ажилтнуудыг ойрын үед Грек рүү илгээнэ хэмээн Д.Кэмерон хэллээ. Тохиролцооны дагуу Грек рүү хууль бусаар орж ирсэн дүрвэгч, цагаачдыг Турк улс эргүүлэн хүлээн авах юм. Үүний хариуд Турк улсад тавьсан визийн хязгаарлалтыг цуцлаж, Турк улсыг Европын холбоонд элсүүлэх үйл явцыг түргэсгэх аж. Мөн Европын  холбооноос Туркт гурван тэрбум еврогийн тусламж үзүүлэх юм.

Д.Медведев Армени, Азербайжанд айлчилна

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Арменийн зиндаа нэгт Овик Абраамянтай утсаар ярилцахдаа энэ долоо хоногт Ереванд айлчилна гэдгээ баталлаа хэмээн Оросын Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав. Д.Медведев өмнө нь тохиролцсоны дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд Арменид айлчлах юм. Тэрээр Армений удирдлагатай уулзаж ярилцах үеэрээ эдийн засаг, эрчим хүч, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад салбар дахь хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. Д.Медведев  Арменид айлчилсныхаа дараа Азербайжанд очно хэмээн хэвлэлийн албанаас мэдэгдэв. Уулын Карабахт зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, нөхцөл байдал хурцадсаны дараа ОХУ-ын Засгийн газрын тэргүүн бүс нутагт айлчилж байгаа нь тохиолдлын хэрэг биш хэмээн ажиглагчид үэзж байна. Гэвч ОХУ энэ мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдэгджээ.

Үхэр зооглож байсан аварга матрыг барьжээ

АНУ-ын Флорида мужийн Окичобе тосгон хавиар малчдын зхрийг зооглож байсан аварга матрыг анчид буудаж алжээ. 4.5 метр урт, 360 кг жинтэй хэвлээр явагч аварга араатан хэд хэдэн үхрийг зооглож, намганд сэгийг нь орхисон байхыг олсон байна. Анчид аварга матрын махыг буяны үйлст хандивлаж, арьсаар нь чихмэл хийж музейд тавихаар болжээ.
Мөн тус мужид гурван метр урттай нэгэн матар айлын хаалгыг “тогшсон” тухай Daily Mail сонин мэдээлэв. Хаалган дээр матар ирээд байгааг мэдсэн гэрийн эзэн аврах албаны 911 утас руу залгаж “Би гэртээ тэргэнцэр дээр амьдардаг. Гэрийн үүдэн дээр матар ирчихээд байна” хэмээн хэлжээ. Цагдаагийн төлөөлөл матрын мэргэшсэн баригчтай ирж айлын хаалга нүдсэн матрыг авч явжээ. Флорида мужид +27 хэмийн халуун шатаж буйн улмаас матрууд энүүгээр тэрүүгээр хэсүүчилж байгаа аж. Бас нэг матар сургуулийн хашаанд орж ирснийг матрын ангуучид аюулгүй болгосон байна. 

No comments:

Post a Comment