Wednesday, April 27, 2016



Америкийн онгоцууд “Исламын улс”-ын санхүүг сөнөөжээ

АНУ-ын нисэх хүчний сүүлийн хэд хоногийн довтолгооны дараа лалын хэт даврагч “Исламын улс” бүлэг санхүүгийн хамгийн хүнд бэрх үе дээрээ ирээд байна. Ирак, Сири дахь лал босогчдын эсрэг цэрэг, тагнуулын ажиллагааны удирдагч, хошууч генерал Питер Герстен “Манай бөмбөгдөгч онгоцууд жихадист дайчдын бэлэн мөнгөө хадгалж байсан 20 орчим байшин, байрлалыг онилж устгалаа. Нийтдээ 500-800 сая долларыг нь устгаж чадлаа” хэмээн мэдэгдэв. “Исламын улс” бүлэг ийнхүү бэлэн мөнгөний гачланд орсноор дайчдаа цалинжуулах чадвар нь эрс хумигдаж, нэг сард 1500 орчим дайчин элсүүлдэг байсан бол одоо 200 болж багасчээ.

Мөн лалын халифат улсын гишүүд, дайчдын дунд урвалт, зугталт нэмэгдсэнийг америк генерал онцлов. Ирак, Сирид хүчээ авч, үлэмж газар нутгийг хяналтдаа авч халифат улсыг зарлаад байсан “Исламын улс” бүлгийн дайчдын тоо өнөөдөр хамгийн бага түвшинд очоод байгаа аж. “Лалуудын халифат улс хэрхэн живж, сүйрч, төлбөрийн болон тэмцэх, тулалдах чадвар нь суларч байгааг бид харж байна. Олон хүн тус бүлгийг ямар ч хамаагүй аргаар орхин явах боллоо” хэмээн ярилаа. АНУ-ын зэвсэгт хүчин лал босогчдын санхүүгээс гадна тэдний эсрэг кибер дайн дээр анхаарлаа төвлөрүүлж байна. Үүний үр дүнд “Исламын улс” бүлэг интернэтээр дайчилгаа, элсүүлэлт явуулдаг байсныг эрс багасгаж чаджээ. Жихадист ухуулагчид халифат улсдаа хүн элсүүлэхийн тулд олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг аж.

No comments:

Post a Comment