Sunday, April 17, 2016



Дилма Русефийг огцруулахын төлөө саналаа өгчээ

Бразилийн Конгрессын доод танхим Ерөнхийлөгч Дилма Русефийг огцруулж, эрүүгийн хариуцлагад татахыг (импичмент) дэмжиж саналаа өгчээ. Төрийн тэргүүнийг хариуцлагад татах санал хураалтыг депутатуудын гуравны хоёр нь буюу 342 нь дэмжсэнээр “Дилма Русефийн хэрэг”-ийг дээд танхим буюу Сенатад хэлэлцүүлж санал хураахаар боллоо хэмээн Reuters уламжлав. Нийтдээ 367 депутат Ерөнхийлөгчийг огцруулж, авлигад холбогдсон хэргийг нь шалгах ёстой гэж үзжээ. 137 депутат төрийн тэргүүнийг огцруулахыг эсэргүүцсэн бол, долоо нь санал өгөхөөс татгалзсан байна.
Парламентын дээд танхим буюу Сенатад энгийн олонхийн санал л Ерөнхийлөгчийг огцруулахад хангалттай. Хатагтай Русефт импичмент тулгасан тохиолдолд түүний халдашгүй бүрэн эрх нь автоматаар алга болох юм. Ерөнхийлөгчийг эрүүгийн хариуцлагад татсан тохиолдолд Бразилийн хуулийн дагуу дэд ерөнхийлөгч, Бразилийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн Мишель Темер Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.
Хэд хоногийн өмнө тус улсын 17 хотод Дилма Русефийг дэмжигчид импичментийн эсрэг жагсаал зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийг авлига, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, үрэн таран хийсэн, сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Дилма Русеф 2014 оны аравдугаар сард Бразилийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон юм. Үүний өмнөхөн түүний нэр авлигын томоохон хэрэгт холбогдсон ажээ. Тэрээр анх Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө нефтийн аварга компани Petrobras-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан билээ. Тус компани Русефийн сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар ивээн тэтгэсэн хэрэгт буруутгагдаад байгаа. Мөн Petrobras нь төрөөс ихээхэн хэмжээний тусламж, дэмжлэг авсан, татвараас зайлсхийсэн, томоохон тендер, гэрээ олж авахын тулд нэлээдгүй улстөрчдийг хахуульдсан хэрэгт татагдаад байгаа юм. Энэ хэргээр хэд хэдэн өндөр албан тушаалтныг баривчлаад байгаа ажээ. Сүүлийн үед Бразилийн эдийн засаг ихээхэн доголдож, авлига газар авсан юм. Ард иргэд улс орны удирдлагыг үүнд буруутгаж эрх баригчдын эсрэг жагсаал хийх болжээ. 2016 оны зун Рио-де-Жанейрод болох зуны олимпийн бэлтгэл ажил ч ихээхэн саадтай байна. Саяхан Бразилийн прокурорын газраас зориулалтын хөрөнгийг буруу зарцуулж, завшсан хэмээн олимпийн 12 төрлийн уралдаан, тэмцээн болох цогцолборын барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргажээ. 

No comments:

Post a Comment