Tuesday, April 12, 2016



Дилма Русеф өрсөлдөгчдөө төрийн эргэлтэд буруутгав

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф улс төрийн өрсөлдөгчдөө төрийн эргэлт хийх гэж хуйвалдаж байна хэмээн буруутгав. Импичмент буюу эрүүгийн хэрэгт татагдах аюул нүүрлээд байгаа Русеф “Хуйвалдагчдын нэг нь дэд ерөнхийлөгч Мишел Темер” хэмээн мэдэгджээ. Темер Ерөнхийлөгчийн суудлыг хүлээн авахад бэлэн хэмээн радиогаар мэдэгдэж, Бразил орныг үндэсний эв нэгдэлд уриалсныг Д.Русеф төрийн эсрэг хуйвалдаан хэмээн үзэж байна. “Тэд одоо ил тод хуйвалдаж эхэллээ. Хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгчийг эрх мэдлээс зайлуулахын тулд гэгээн цагаан өдрөөр ч ил ярьдаг боллоо” хэмээн Русеф хэлэв.
Бразилийн Конгрессын хороо Ерөнхийлөгчийг хэрэгт татах асуудлаар шүүхийн сонсголыг эхлүүлэхийн төлөө санал өгсөн юм. Тус улсын нефтийн хамгийн том компани Petrobras-аар дамжуулж хууль бусаар мөнгө гаргаж байсан авлигын сүлжээг Дилма Русеф мэдэж байсан хэмээн үзэж байгаа аж. Үндэсний конгрессын доод танхим энэ асуудлаар дөрөвдүгээр сарын 18-нд санал хураах юм.

Бразил улс Ерөнхийлөгчөөсөө болж хоёр хэсэгт хуваагдаад байна. Сөрөг хүчин нийслэл хотод Русефийг огцрохыг шаардсан томоохон жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна. Конгрессын хорооны шийдвэр хэдий билэгдлийн чанартай ч депутатуудын доод танхим түүнийг хэрэгт татах шийдвэр гаргахад ихээхэн нөлөө үзүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Үүний дараа холбооны сенатад санал хурааж эцсийн шийдвэрийг гаргах аж. Сенатын 341 гишүүн Дилма Русефийн эсрэг санал өгвөл түүнийг эрүүгийн хэрэгт хариуцагчаар татна. Санал асуулгаар 292 депутат импичментийн төлөө байгаа бол, 115 нь эсэргүүцэж, 106 нь одоогоор байр сууриа тодорхой болгоогүй байна. Улс орон дахь эдийн засгийн уналт, хямрал, мөн төрийн мэдлийн Petrobras компани болон хэд хэдэн өндөр албан тушаалтан холбогдсон авлигын томоохон хэргийн улмаас Ерөнхийлөгч Дилма Русефийн нэр хүнд огцом унаад байгаа юм. 

No comments:

Post a Comment