Малайзын “Боинг”-ийг Украины нисэх хүчин буудаж унагасан
уу
2014 онд Украины Донбасст сүйрсэн Малайзын “Боинг-777”
онгоцны талаарх шинэ хувилбарыг хэвлэлүүд нэрлэжээ. Нисэх онгоцыг Украины нисэх
хүчний сөнөөгч онгоцноос харвасан “агаар-агаар” ангиллын пуужин онож устгасан
байж болзошгүй байна. Malaysian Airlines авиакомпанийн MH17 нислэг гүйцэтгэж
явсан нисэх онгоцны ойролцоо өөр нисэх онгоцууд харагдсан хэмээн гэрчүүд баталж
байгаа аж.
“Зун, ургац хураах
цаг байсан. Бид хар утаа, мөнгөлөг тоглоом шиг өнгөтэй хоёр жижиг онгоц харсан.
Нэг нь чигээрээ, нөгөө нь түүнийг тойрч нисч байсан. Дараа нь дэлбэрэлт болж,
тэр онгоц гарч ирсэн газар руугаа буцаад ниссэн” хэмээн тэрхүү ослыг харсан Наташа
Беронина Daily Mail сонинд ярьжээ. Мөн бас нэг гэрч том дэлбэрэлт болохын
өмнөхөн жижиг онгоцноос пуужин харвасныг харсан аж. Германы эрэн сурвалжлах
сэтгүүлч 100 орчим гэрчтэй уулзаж ярилцахад долоо нь жижиг онгоцыг харсан
гэдгээ хэлжээ. Удахгүй ВВС телевизээр гаргах гэж байгаа уг ослын талаарх баримтат
киноноос Британийн хэвлэлүүд иш татаж байгаа аж. Гэрчүүдийн яриа, мэдүүлгээр
баяжуулсан уг баримтат кинонд Малайзын нисэх онгоц сөнөөгч онгоцны довтолгоонд өртөж
сүйрснийг баталж байгаа юм. Нэгэн гэрч “Сөнөөгч онгоцноос пуужин харвасны дараа
чанга дэлбэрэх чимээ гарсан” хэмээн баталж байна.
Голландын Амстердам хотоос Малайзын Куала-Лумпур орохоор MH17
нислэг үйлдэж явсан Malaysia Airlines авиакомпанийн Boeing 777 онгоц 2014 оны
долдугаар сарын 17-нд Украины зүүн хэсгийн Донецк мужид сүйрсэн билээ. Онгоцонд
явсан голланд үндэстэн голдуу 283 зорчигч, нисэх багийн 15 гишүүн бүгд амь
үрэгдсэн юм. Ослын шалтгааны талаар янз бүрийн хувилбар гаргаж байснаас Малайзын
онгоц пуужинд оногдож сүйрсэн гэсэн хувилбар давамгайлж байна. Украин болон
өрнөдийн орнууд энэ ослын хариуцлагыг Донбассын босогчидтой холбосоор иржээ. Гэвч
Донбассын бүгд найрамдах улсын босогчид онгоцны осолд хамаагүй гэдгээ мэдэгдэж,
Украины эрх баригчдыг үүнд буруутай хэмээн мэдэгдсэн юм.
2015 онд Голландын эрх баригчид Малайзын онгоцны сүйрлийн
шалтгааны талаарх илтгэлээ ил болгожээ. Илтгэлээс үзэхэд, Боинг 777 онгоцыг “Бук”
хэмээх зенитийн пуужингаар буудаж унагасан, пуужинг Украины зүүн хэсгээс
харвасан хэмээн үзсэн байна. Харин яг хаанаас харвасныг илтгэлд дурдаагүй юм.
Мөн Украины мөргөлдөөнд оролцогч талуудаас аль нь пуужин харвасныг илтгэлд онцлоогүй
аж. ВВС-гээр удахгүй гарах баримтат кинонд Малайзын онгоцыг Украины сөнөөгч
онгоцууд пуужингаар харваж унагасан гэдгийг гэрчүүд батлан ярих ажээ.
No comments:
Post a Comment