Sunday, April 3, 2016



Дүрвэгчид Итали, Австрийн хил дээр үймээн дэгдээжээ

Австри, Италийн хил дээрх Альпийн нурууны Бреннер даваан дээр дүрвэгсэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон мэдээлэл ирж байна. Хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр мянга орчим дүрвэгч цуглаж Европын улсууд дүрвэгчдэд хилээ хаасныг эсэргүүцлээ хэмээн Австрийн ORF радио дамжуулав. Зарим дүрвэгч ихэд түрэмгий аашилж, цагдаа нарыг өдөөн хатгаж, хоёр цагдааг шархдуулсан байна. Австри улс Бреннер рүү цагдаа, цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болжээ. Бреннер нь Австри болон Италийн хойд нутгийг холбодог гол замын уулзвар юм.

Палестины загасчдын бүсийг өргөтгөв

Израиль улс палестин загасчдын Газар дундын тэнгист загасчлах бүсийг өргөтгөхийг зөвшөөрчээ. Ийнхүү палестин иргэд эргээс есөн бээрийн зайд буюу 16.5 км-ийн зайд загасчлах эрхтэй болов. Өмнө нь 11 км зайд загасчлах эрхтэй байжээ. 1993 онд Израиль, Палестины хооронд байгуулсан Ослогийн гэрээгээр палестинууд эргээс 30 км-т загасчлах эрхтэй болсон юм. Гэвч Израиль улс “Хамас”-ын мэдэлд орсон Газын зурвасыг далайн зүгээс бүслэн хаасан тул загасчлах бүс нь багассан билээ. Палестин загасчид “Израилийн цэргүүд загасчлах хэрэгсэл, завь тэргүүтнийг хурааж авдаг” хэмээн гомдоллодог ч Израилийн тал “Палестинууд зөвхөн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг зөрчсөн тохиолдолд ийм зүйл болдог” хэмээн баталж байна.

Орост алдартай япон төмөр хүлгүүд

2016 онд ОХУ-д хамгийн их борлуулалттай байгаа япон автомашинуудыг тодруулжээ. Toyota компанийн RAV4 автомашиныг оросууд хамгийн их худалдаж авчээ. Эхний гуравт мөн л Toyota компанийн Land Cruiser болон Camry загварууд оржээ. Оросуудын хамгийн дуртай япон автомашины эхний аравт Nissan X-Trail, Mitsubishi Outlander, Mazda CX-5, Datsun on-DO, Nissan Qashqai, Nissan Almera, Nissan Terrano орсон байна. Toyota компани Оросын эрс тэс цаг агаарт зориулж RAV4 загвараа шинэчилсэн нь ихэд эрэлттэй байгаа аж. Мөн европ стандартын  Land Cruiser, Nissan X-Trail загварыг оросууд ихээхэн сонирхдог ажээ. 

No comments:

Post a Comment