Tuesday, April 12, 2016





Яст мэлхий нууцаар зөөдөг эрд ял оноов

Хятад гаралтай канад иргэн Кай Сю яст мэлхийг хууль бусаар хил давуулсан хэргээр АНУ-д таван жилийн хоригдох ял сонслоо. Тэрээр 2015 онд өмднийхээ дотуур 51 амьд яст мэлхий нууж хил давах гэж байгаад Канадын хилчдэд баригдсан юм. Сю Мичиган руу байнга явж яст мэлхий худалдан авч нууцаар хил гарган Хятад руу гарган худалддаг байжээ. Хятад гаралтай канад эр иймэрхүү аргаар хэдэн мянган яст мэлхийг хууль бусаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. “Би их сургуулийн төлбөрөө хийхийн тулд хэвлээр явагчдыг нууцаар зардаг байсан. Намайг шунал, харгис явдлаас минь салгаж өгсөн АНУ-ын хуулийн байгууллагад талархаж байна” хэмээн Кай Сю шүүх дээр ярьжээ.

80 настай “Хар бэлэвсэн эхнэр”-ийг дахин баривчлав

Эрэгтэйчүүдийг, нөхрөө хорлож “Хар бэлэвсэн эхнэр” хочтой болсон 80 настай Мелисса Энн Шепард хэмээх канад эмэгтэй чөлөөтэй байх нөхцөлөө зөрчсөнийхээ төлөө дахин саатуулагдлаа. Тэрээр нөхрөө хордуулсныхаа төлөө гурван жилийн ял эдлээд гуравдугаар сард шоронгоос суллагдаад байсан юм. Түүнийг интернэтэд орж болохгүй, цагийн хориог мөрдөх ёстой, эрэгтэй хүнтэй үүсгэсэн харилцаа, холбоогоо цагдаагийн газарт мэдэгдэж байж ёстой гэсэн болзлоор сулласан аж. Гэвч тэрээр Халифакс мужийн номын санд интернэтэд орох гэж байгаад баривчлагдсан байна.
“Хар бэлэвсэн эхнэр” анх 1992 онд хоёр дахь нөхрөө хордуулан алж, автомашинаар зөөсөн хэргээр шийтгүүлж байжээ. Түүний гурав дахь нөхөр 2002 онд хуримынхаа дараахан нас барсан ч энэ үхэлд хэн нэгнийг буруутгаагүй юм. Шепард 2005 онд интернэтээр танилцсан Флорида мужийн нэгэн эрэгтэйн эд зүйлийг хулгайлсан хэргээр таван жилийн ял сонссон ажээ. 2013 онд дөрөв дэх нөхөр, 75 настай Фред Уиксийг хордуулсан хэргээр дахин шийтгүүлэв. Ньюфаундлэнд рүү усан онгоцоор хуримын аялал хийж байхад нөхрийнх нь бие мууджээ. Түүний кофенд хор хийсэн байсан ч тэрээр амьд үлджээ.

Эрдоганыг элэглэсэн эрийг цагдаагийн хамгаалалтад авлаа

Телевизийн эфирээр Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганыг тун таагүйгээр элэглэн шүлэг уншсан Германы шооч, элэглэгч Ян Бемерманыг цагдаагийн хамгаалалтад авчээ. Бемерманы гэрийн гадаа ажиглалтын камер суурилуулж, хаалган дээр нь цагдаагийн машин эргүүл хийх болжээ. Туркийн Ерөнхий сайд Эрдоган Германы хууль хяналтын байгууллагад хандаж Бемерманыг хүн доромжилсных нь төлөө хариуцлагад татахыг шаардсан юм. Германы прокурорын газар элэглэгчтэй холбоотой хэрэг явдлыг шалгаж эхлээд байна.
Бемерман шуугиан тарьсан шүлгээ гуравдугаар сарын 31-нд уншсан юм. Шооч эрийн шүлэг Туркийн лидер рүү чиглэсэн буруутгал, зэмлэлээр дүүрэн байсны зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгчийг хүүхдийн порнограф сонирхдог хэмээн ёжилсон байв. Тэрээр Туркийн далбаагаар ар хийж байгаад шүлгээ уншсан аж. Энэ хэрэг явдал Туркийн эрх баригчдын дургүйцлийг хүргэж, жагсаал цуглаандаа хүрчээ. Удалгүй Бемерманыг заналхийлж эхэлсэн хэмээн Bild сонинд бичжээ.

Роналдо хет-трик хийж Реал хагас шигшээд шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын эхний хоёр баг тодроод байна. Өчигдөр Испанийн Реал Мадрид “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхдээ Германы “Вольфсбург”-ийг хүлээн авав. Долоо хоногийн өмнө болсон эхний тоглолтод германууд 2:0-ээр хожсон тул эзэн хааны баг гурван гоолын зөрүүгээр хожих хүндхэн даалгавартай тулаад байлаа. Тэд тоглолтын эхнээс довтолсоор 16 дахь минутад дэлхийн шилдэг тоглогч Криштиано Роналдо Карвахалын дамжуулалтаар эхний гоолыг орууллаа. Улмаар 17 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг мөргөж, 77 дахь минутад хаалттай цохилтоос дахин нэг гоол оруулж 3:0-ээр өрсөлдөгчөө буулган авч хагас шигшээд шалгарчээ. Роналдо ийнхүү Аваргуудын лигт тав дахь хет-трикээ хийж, нийт 93 гоолтой болоод байна. Энэ улирлын Аваргуудын лигт тэрээр 10 тоглолтод 16 гоол оруулсан үзүүлэлтээр тасархай тэргүүлж байна. Английн Манчестер Сити талбай дээрээ Францын ПСЖ-ийг 1:0-ээр (нийлбэр дүнгээр 3:2) хожиж түүхэндээ анх удаа хагас шигшээд үлдлээ.

Линдси Лохан Оросын баян өв залгамжлагчтай сүй тавьсан уу


Холливудын дуулиант оддын нэг Линдси Лохан (29 настай) Оросын баян өв залгамжлагч, 22 настай Егор Тарабасовын сүй тавих саналыг хүлээж авлаа хэмээн TMZ сайт мэдээлэв. Тэрбумтан бизнесмэн эцэгтэй Тарабасов өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Лоханы гарыг гуйж, үнэтэй бөгж бэлэглэсэн хэмээн мэдээлж байна. Линдси Лохан сүй тавих саналыг хүлээн зөвшөөрч сүйн бөгжийг ядам хуруундаа зүүж явах болсон гэнэ. Asian Awards London 2016 ёслолын үеэр Лохан ядам хуруундаа бөгжтэй гарч ирснийг хэвлэлүүд дор нь олзолж түгээсэн юм. Тэрээр сүй тавьснаа батлаагүй ч найман сарын өмнөөс 22 настай Егортой найзалж буйгаа хүлээн зөвшөөрсөн билээ. “Тэр гайхалтай залуу. Би өнгөрсөн зун түүнтэй танилцсан. Би их жаргалтай байгаа” хэмээн Линдси ярьжээ. О.Тарабасов амралтаа Нью-Йоркт Линдси болон түүний гэр бүл, ээж Дина, дүү Алигийн хамт өнгөрөөсөн тухай хэвлэлүүд бичиж байв. Залуу хос гуравдугаар сараас хойш Лондонд амьдарч байгаа аж. 

No comments:

Post a Comment