Францын “Хүн-аалз” Алма-Атагийн хамгийн өндөр барилгыг
байлдан дагуулав
“Хүн-аалз” хэмээн алдаршсан Францын алдартай авирагч Ален
Робер Казахстаны хуучин нийслэлийн хамгийн өндөр барилга руу авирч гарчээ.
Тэрээр 168 метр өндөр Esentai Tower барилга дээр аалз мэт авиран гарахдаа хагас
цаг зарцуулж, энэ хооронд хэд хэдэн селфи хийж, ус ууж, цугласан олон руу гараа
даллаж амжжээ. 10 мянган хүн энэ явдлын гэрч болсон байна. 53 настай Ален Робер
хамгаалалт, бэхэлгээгүй улаан гараараа авирдгаараа алдаршсан юм. Гэвч энэ удаа
эрх баригчдаас зөвшөөрөл авч, хамгаалалт, бэхэлгээтэй авирчээ. “Хүн-аалз”
Куала-Лумпурын Петронас цамхаг, Барселоны Agbar цамхаг, Нью-Йоркийн
Empire
building, Дубайн Халиф цамхаг зэрэг дэлхийн 70 орчим тэнгэр
баганадсан барилгыг байлдан дагуулсан юм.
Эквадорт амь үрэгдсэн хүний тоо 650-д хүрлээ
Долоо хоногийн өмнө Эквадорт болсон хүчтэй газар
хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 650-д хүрлээ хэмээн тус улсын эрх баригчид
мэдэгдэв. 58 хүн сураггүй алга болжээ. Ерөнхийлөгч Рафаэль Корреа долоо хоног
тутмын телевизийн мэдэгдлээрээ аврах баг, техникээ илгээсэн улс орнуудад
талархал илэрхийлсэн байна. Байшин барилгын нуранги дороос 100 гаруй хүнийг
амьдаар нь олж гаргаж авчээ. Корреа амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж улс
оронд найм хоногийн гашуудал зарлав. Дөрөвдүгээр сарын 17-нд Эквадорын эрэг
орчмоор 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь тус улсад 1979 оноос хойш
болоогүй хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсоох болзлоо нэрлэв
АНУ жил бүр Өмнөд Солонгост хийдэг цэргийн хээрийн
сургуулиасаа татгалзвал цөмийн туршилтаа зогсооход бэлэн байна хэмээн Хойд
Солонгосын эрх баригчид мэдэгдлээ. Энэ тухай Хойд Солонгосын Гадаад хэргийн
сайд Ли Су Ён Аssociated
Press агентлагт ярьсан байна. “Солонгосын хойг дахь цөмийн
дайны хээрийн сургуулиа зогсоочих. Тэгээд бид цөмийн туршилтаа зогсооё” хэмээн
сайд хэлснийг АР агентлаг уламжилжээ. Дашрамд сонирхуулахад, энэ нь Пхеньяны
Гадаад хэргийн сайдын барууны хэвлэлд өгсөн анхны ярилцлага аж. Хойд Солонгос
нь Америкийн зүгээс ирэх аюул заналхийллийг тогтоон барьж байхын тулд цөмийн
зэвсэг эзэмших эрхтэй гэдгийг Ли дахин онцлоод хориг арга хэмжээгээр айлган
сүрдүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлжээ.
Үүний өмнөхөн Хойд Солонгосын тал зүүн эрэг орчмоосоо шумбагч
хөлөгнөөс баллистик пуужин харвасан хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах
яамны төлөөлөгч мэдэгдсэн юм. Хойдууд Синпхо боомт орчмоос пуужин харвасан
бололтой. Харин энэ пуужингийн туршилт амжилттай болсон эсэхт Өмнөд Солонгос
эргэлзэж байгаа аж. Пуужин аль хэр хол ниссэн, газардсан, “байндаа туссан” эсэх
мэдээлэл байхгүй байгаа юм. Шумбагч хөлөгнөөс харвасан баллистик пуужинг
илрүүлэх хэцүү байдаг. Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаас дамжуулж
буйгаар, баллистик пуужингийн туршилт удирдагч Ким Чен Уны хяналт дор тун
амжилттай болсон аж. НҮБ-аас тавьсан хоригийн дагуу Хойд Солонгосыг 2006 оноос
хойш цөмийн туршилт хийх, баллистик пууижнтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг
хориглосон билээ. Гэвч хойдууд энэ хоригийг үл тоон туршилт хийсээр байна.
Пхеньян дахин баллистик пуужин туршсан мэдээлэл түгсэний дараа Францын Гадаад
хэргийн яам Европын холбоонд хандаж тус улсын эсрэг нэмэлт хориг хэмжээ авахыг
уриалжээ.
No comments:
Post a Comment