Хойд Солонгос цөмийн цэнэгт хошуу бүтээжээ
Хойд Солонгосын лидер Ким Чен Ун баллистик пуужин дээр
суулгаж болох цөмийн цэнэгт хошуу бүтээсэн тухай мэдэгдлээ хэмээн тус улсын
төрийн мэдээллийн агентлаг уламжлав. “Цөмийн цэнэгт хошууг жижигрүүлснээр
баллистик пуужинд бэхлэх боломжтой болсон. Ийм пуужингууд нь дайсны довтолгоог
зогсоох цөмийн зэвсгийн жинхэнэ хэрэгсэл юм” хэмээн Ким Чен Уны мэдэгдлээс иш
татсан байна. Пхеньяны лидер мөн нэгдүгээр сард туршсан устөрөгчийн бөмбөгтэй
танилцсан аж. Хойд Солонгосын цэргийнхэн цөмийн цэнэгт хошууны жижигрүүлсэн
хувилбарын талаар аль дээрээс ярьж байсан бол улс орны лидер нь энэ талаар анх
удаа ийнхүү дуугарчээ. Үүний өмнөхөн Хойд Солонгосын тал Америк болон Өмнөд
Солонгосыг цөмийн цохилтоор сүрдүүлж байсан билээ. Хоёр улс цэргийн хамтарсан
томоохон хээрийн сургууль хийсэн нь ийнхүү сүрдүүлэх шалтгаан болж өгчээ. Сөүлийн
Засгийн газар өчигдөр Хойд Солонгосын тодорхой хэдэн иргэн, компанийн эсрэг
шинэ хориг арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ.
Израильд зэвсэгт халдлага болов
Израилийн Тель-Авив хотын Яффа боомт дээр хутгаар
зэвсэглэсэн палестин эр есөн хүнийг шархдуулж, нэг хүний аминд хүрчээ.
Шархадсан хүмүүсийн тавынх нь байдал хүнд байгаа хэмээн эмч нар мэдэгдэв. Халдагч
этгээдийг цагдаа нар устгажээ. Цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэнээр, мань
этгээд эхлээд хотын аялал жуулчлалын алдартай бүс болох далайн эрэг дээр гурван
хүн рүү дайрч, дараа нь зоогийн газар руу орж дөрвөн хүнийг шархдуулсан байна.
Амиа алдсан хүн нь америк жуулчин байжээ. Гурав хоногийн өмнө изриаль иргэд рүү
хутга барин дайрсан гурван палестиныг устгасан юм. Энэ довтолгоонд хоёр цагдаа
шархаджээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш иймэрхүү
довтолгоо, халдлагын улмаас 183 палестин, 28 израиль амь насаа алдаад байна.
Эдгээр палестин иргэдийн ихэнх нь халдлага үйлдэж байхдаа, эсвэл гудамжаар яваа
хүмүүс рүү хутга, зэвсгээр халдах гэж төлөвлөж байхдаа алуулсан аж. Мөн
жагсаал, эсэргүүцлийн үеэр амиа алдсан хүмүүс ч байгаа юм. АНУ-ын дэд
Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Израильд иржээ. Тэрээр Израилийн Ерөнхий сайд Беньямин
Нетаньяху, Палестины автономийн лидер Махмуд Аббас нартай уулзах юм.
Porsche М.Шараповатай хамтын ажиллагаагаа зогсоолоо
Германы автомашин үйлдвэрлэгч Porsche концерн сэргээш
хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн Оросын теннисч Мария Шараповатай хамтын
ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдэв. “Мария Шараповагийн тухай мэдээнд
гомдолтой байна. Дараа дараагийн нөхцөл байдал тодорхой болох хүртэл бид бүх
төлөвлөсөн арга хэмжээгээ зогсоохоор шийдлээ” хэмээн концерний мэдэгдэлд
онцолжээ. Үүний өмнөхөн Швейцарийн TAG Heuer цагны үйлдвэр, Америкийн спортын
хувцас, гуталны Nike брэнд орос теннисчтэй байгуулсан гэрээгээ цуцалж буйгаа
зарласан юм. Шараповагийн сэргээш хэрэглэсэнтэй холбоотой шүүх хурлын анхны
сонсгол гуравдугаар сарын 23-нд Лондонд болно. Тамирчин бүсгүй гуравдугаар
сарын 7-нд Лос-Анжелест хэвлэлийн хурал хийлгэхдээ сэргээшийн сорилд унаснаа
хүлээн зөвшөөрсөн билээ. Түүний биеээс мельдони хэмээх хориотой бодис илэрчээ.
Түүнээс сэргээш илэрснийг Олон улсын теннисийн холбоо (ITF) баталжээ. Одоогоор
Мария Шараповаг гурван жилийн турш тэмцээн, уралдаанд оролцохыг хориглоод
байна.
Д.Трамп дахин хоёр мужийн сунгаанд яллаа
Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр
дэвших магадлал өндөртэй байгаа тэрбумтан Дональд Трамп лхагва гаригт Мичиган,
Миссисипи мужид болсон сунгаанд ялалт байгуулжээ. Мичиганд Жон Касич удаалсан
хэмээн Ассошиэйтед пресс агентлаг уламжлав. Миссисипид болсон Ардчилсан намын
сунгаанд Хиллари Клинтон ялалт байгууллаа. Мичиганы сунгааны дүн хараахан
гараагүй байгаа ч урьдчилсан дүнгээр Хиллари гол өрсөлдөгч, Вермонт мужийн
сенатч Берни Сандерсийг үл ялиг давамгайлсан бололтой. Зун болох намын их
хурлаар Дональд Трамп, Хиллари Клинтон нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр
дэвшигчээр тодорно хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Харин энэ хоёрын халз
тулаанд хэн ялалт байгуулахыг таамаглах зоригтой хүн олдохгүй байна.
Кубын худалдаанд тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлнэ
No comments:
Post a Comment