Грек, Македоны хил дээр хэдэн мянган цагаач гацаад байна
Грек, Македоны хил дээрх мянга 500 хүний багтаамжтай
хуаранд найман мянга 500 орчим дүрвэгч, цагаач бөөгнөрөөд байна. Хүчтэй борооны
улмаас хуарангийн нөхцөл байдал хүндэрч, толгой хоргодох юмгүй хүмүүс хүнд
байдалд оржээ. Тэдний зарим нь тэнд долоо хонож байгаа аж. Баруун Европ руу
аялалаа үргэлжлүүлэхийг хүссэн цагаачид эсэргүүцэл илэрхийлсний дараа дамжин
өнгөрүүлэх Идомени цэг 24 цагийн турш хилээ хаасан байна. Өнгөрсөн даваа гаригт
цагаачид гар аргаар хийсэн түншүүрээр хилийн хаалтыг эвдсэн юм. Үүний дараа
Грекээс Македон ордог төмөр зам дээр хийсэн төмөр хаалт, өргөст төмөр тор
задарч олон зуун хүн орж ирэхэд Македоны цагдаа нулимс асгаруулагч хий ашиглан
тараажээ.
Цагаачид арга буюу Идомени дахь хуаран руугаа буцжээ.
Хуарангийн эргэн тойронд олон зуун жижиг майхан барьсан ч тэнд цагаачдыг нэмж
хүлээж авах ямар ч аргагүй болоод байна. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн
зохицуулагч Каролайн Хага арван хүнтэй гэр бүл дөрвөн хүний майханд байрлаж
байна хэмээн ВВС-д ярилаа. Цаг агаар муудсаны улмаас цагаачдын эрүүл мэндэд
ноцтой аюул учирч байгааг тэрээр онцлов. “Энд олон хүн толгой хоргодох оронгүй,
хүйтэнд ихэд даарч, зовж байна. Шөнөдөө -10 градус хүртэл хүйтэрч байна. Ханиад
маш их байна. Удах тусам байдалд хүндрэхээр байна” хэмээн өгүүлэв. Олон улсын
улаан загалмай нийгэмлэг, Унгарын улаан загалмайн нийгэмлэгийн хүчин
чармайлтаар эмчилгээний цэг байгуулсан ч өвдөж хавдсан, жирэмсэн олон хүнд
хаанаа ч хүрэлцэхгүй байгаа аж. Амьсгалын замын өвчин, хий ханиалгатай хүмүүс
их байгаа нь санаа зовоож байна.
Олон цагаач хил нэвтрэх дарааллаа алдахгүйн тулд
эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс татгалзаж байгаа аж. Унаж, татдаг өвчтэй нэг
хүн эмнэлгийн тусламж авахаас татгалзсан тухай Хага ярилаа. Иракийн 27 настай
цагаач Хасан Рашид “Би Идоменид арав хонож байна. Хил гарах дараалалд дөрвөн
өдөр зогсож байна. Нөхцөл байдал маш муу байна. Олон хүүхэд өвдсөн” хэмээн “Ассошиэйтед
пресс” агентлагт ярьжээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт Баруун Европт хүрэхээр
тэмүүлж байгаа 26 настай Ахмед Мажид “Македон руу нэвтрэхээр Идоменид ирсэн ч
энд гацчихлаа. Ирак нутагт минь ямар ч амьдрал, ирээдүй байхгүй болсон” хэмээн
өгүүлэв. Македоны хилчид Сири, Иракийн голдуу цагаачдыг үе үе цөөхөн тоогоор
нэвтрүүлж байсны дараа хилээ хаасан тул Грекийн талд олон мянган цагаач
бөөгнөрөөд байгаа юм.
Македоны тал өнгөрсөн
долоо хоногоос эхлэн Афганистаны цагаачдыг нэвтрүүлэхээ больж, ирак, сириүдэд
паспортны хатуу хяналт тавих болжээ. Улмаар цагаачдын хуаранг хилээс тусгаарлаж
байсан зурвасыг хаасан аж. Македоны цаана байдаг Серб улс цагаачдад хилээ
хаасан тул Македон ийнхүү хилээ хаажээ. Зүүн Европын орнууд цагаач, дүрвэгчдийг
багасгахын тулд хил хязгаараа чангатгах болсон нь ийнхүү нэг нэгэндээ дамжин
нөлөөлж байгаа юм. Хэдийгээр Македон хилээ хаасан ч Ойрхи Дорнодын цагаачид
хэдэн мянгаараа Идомени дахь шалган нэвтрүүлэх цэг рүү зүтгэсээр байна. Хуаран
дүүрсэн тул олон хүн автобус болон Афины зам дагуух шатахуун түгээгүүрийн цэг
дээр амьдарсаар байгаа ажээ. Грекийн арми цагаачдад зориулж Идоменээс холгүй
гурван хауран байгуулсан ч дороо дүүрч даац нь хэтэрчээ.
No comments:
Post a Comment