В.Путин Сириэс цэргээ татах шийдвэр гаргалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын
15-наас эхлэн Сири улсаас Оросын цэргийн үндсэн хүчийг татах шийдвэр гаргажээ.
Түүний хэлж буйгаар, Оросын Батлан хамгаалах яамны тавьсан зорилго үндсэндээ
биелсэн аж. Гэхдээ Сирийн Тартус дахь орос цэргүүд, Хмейм аэродром дахь агаарын
хүчний онгоцууд үүргээ гүйцэтгэсээр байх юм. ВВС агентлаг өрнөдийн болон Оросын
шинжээчдэд хандаж ОХУ-ын удирдлагын шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөхийг хүсчээ. В.Путин
Сирид Оросын цэргийн ажиллагааг эхлүүлэхдээ ямар зорилго тавьж байсан бэ, энэ
зорилго биелсэн үү?
Жонатан Маркус, ВВС-ийн тоймч:
Владимир Путин одоо явж болно хэмээн хэлж байна. Оросын
цэргүүд өмнөө тавьсан зорилгынхоо гол хэсгийг биелүүлсэн, тиймээс Путин
цэргийнхээ гол хүчийг гаргаж болно гэж хэллээ. Гэвч Сирийн Тартуст Оросын
тэнгисийн цэргийн бааз, Хмейм дахь аэродромд агаарын цэргийн бааз нь үлдэж
байгаа тул Сириэс цэргээ бүрэн гаргасан гэж хэлж болохгүй. Владимир Путиний
гэнэтийн шийдвэр Женевт Сирийн талаарх энхийн хэлэлцээний шинэ шат эхэлсэнтэй
давхацсан нь Кремлийн удирдагчийн үр дүнтэй дипломат арга барилыг харуулсан
явдал боллоо. Сирид Оросын 30 орчим байлдааны онгоц, тэдгээрийг хамгаалах
хуурай замын багахан цэрэг байна. Мөн Сирийн армитай хамтран ажиллаж байгаа цэргийн
хэд хэдэн зөвлөх байгаа. Оросын тал Сирийн хямрал, мөргөлдөөнд оролцсоноор
үндсэн зорилгоо биелүүлсэн. Москва Башар Асадын байр суурийг бэхжүүлж, түүний
цэргүүд стратегийн хэд хэдэн чухал газрыг хяналтаад авахад тусласан. Б.Асадыг
Сирийн хямралыг зохицуулах ямар ч хэлэлцээнд гол тоглогчоор үлдээсэн нь чухал
үр дүн юм.
Игорь Сутягин, RUSI судалгааны хүрээлэнгийн ахлах
мэргэжилтэн:
Надад юуны түрүүнд мөнгө нь дууссан гэдэг сэтгэгдэл
төрлөө. Хоёрдугаар шалтгаан нь эхнийхтэй холбоотой, айлган сүрдүүлэх оролдлого
байж болох юм. Оросууд эхлээд Сирийн мөргөлдөөнд орлуулшгүй тоглогч, хэрэгтэй
хамтрагч болох зорилго тавьж байсан. Мөнгө нь дуусч, нөхцөл байдал муудсан тул ийм
юм болсонгүй. Тиймээс дарамт шахалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн
төлөвлөгөөний Б хувилбар нь “Бид ингээд явлаа. Бид нартай ямар сайн байлаа, бид
наргүй ямар муу байна. Тэгээд эргээд хандахаар бид илүү үнэ шаардах болно” байж
болох юм. Цэргээ татах таатай цаг үе биш. Ердөө сарын өмнөхөн л, манай цэргүүд
Сири дахь терроризмыг бүрэн ялан дийлэх хүртэл тэнд байх болно гэж мэдэгдэж
байсныг санаж байгаа биз дээ. Одоо үүнийг нь асууя: Сири дахь “Исламын улс” бүлгийг устгаад
сөнөөчихсөн үү? Та нар яагаад гараад явчихав аа?
Тиймээс тохиромжтой цаг үе ирсэндээ бус, харин үүнийг
хийх шаардлагатай болоод Сирийг орхин гарч байна гэж бодож байна.
Сирид байгаа байлдааны онгоцууд бараг жагсаалаас гарах
болчихсон. Шинэ онгоц хаанаас авах вэ? Нисгэгчдээ сургачихсан, мөнгө их
зарцуулсан... Оросын цэргийн бааз тэнд үлдсэн ч тэд дуртай цагтаа орхиод явчихаж
чадна.
Глеб Павловский, улс төр судлаач:
АНУ болон Дамаскийн Засгийн газартай урьдчилан
тохиролцсоны дараа ийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Цэргээ гаргах талаар
их болгоомжтой дуугарлаа. Цэргээ татахтай зэрэгцээд ямар үйл явдал болох вэ
гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн хойш ухарсан зүйл биш байх, харин Сирид илүү
хамтарсан, үр дүнтэй хамтран ажиллахаар буцаж ирэх байх. Энэ талаар АНУ-тай
ярилцаж, хэлэлцэх ёстой. Оросууд хэнтэй ч зөвшилцөлгүйгээр Сирид дангаараа үйл
ажиллагаа явуулж байсан. Хэн ч тэдэнтэй ярилцаж, тохиролцож чадаагүй. Энэ нь
Оросыг Сирийн үйл хэрэгт улам л гүнзгий хутгаж, таагүй нөхцөл байдалд хүргэж
байсан гэж үзэж байна. Одоо хэдийгээр байгуулж, цаашид дэмжээд явахад хэцүү ч
найрал хөгжмийн бүрэлдэхүүнд орж тоглох боломж гарч ирж байна.
No comments:
Post a Comment