Sunday, March 13, 2016



Бразилийн Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн томоохон жагсаал болов

Бразилийн Сан-Паулу хотод Ерөнхийлөгч Дилма Русефийг огцрохыг шаардсан томоохон жагсаал болж 1.4 сая хүн оролцлоо хэмээн хотын эрх баригчид мэдэгдэв. Эсэргүүцлийн жагсаал улс орон даяар болжээ. Зарим мэдээллээр, 150 орчим хот сууринд гурван сая гаруй хүн гудамжинд гарч жагсчээ. Жагсаалд оролцогчид Русефийг эдийн засгийг зогсонги байдалд оруулсан, авлигад автсан хэмээн буруутгаж байна. Гэвч Ерөнхийлөгч бүх буруутгалыг няцааж, огцрохгүй хэмээн мэдэгджээ. “Ням гаригт болсон тайван жагсаал нь хууль, эрхийг хүндэтгэсэн янз бүрийн санаа бодол давамгайлсан боловсорч гүйцсэн нийгмийн баталгаа болж байна” хэмээн Русеф мэдэгдэлдээ онцолжээ.

Цацраг идэвхт бодисын хаягдал овоорчээ

Японы төв болон зүүн хойд хэсэгт албан ёсоор бүртгэлд ороогүй 3.1 мянган тн цацраг идэвхт бодисын үлдэгдэл цуглараад байна. Ибараки, Ивата, Мияги, Сайтама, Чиба, Токио, Фукушима мужийн засаг захиргаанаас асууж тодруулсны үндсэн дээр ийм үр дүн гарлаа хэмээн NHK телевиз мэдээлэв. Эдгээр нь Фукушима-1 цөмийн цахилгаан станц дээр осол гарсны дараа цэвэрлэх, аюулгүй болгох ажиллагаа явуулсны үр дүнд цугларсан цацраг идэвхт хөрс болон бусад халдвартай хог, үлдэгдэл юм. Эдгээр хаягдлыг түр агуулахад хадгалж байгаа бөгөөд тэдний цацраг идэвхт бодисын түвшин нэг кг-д найман мянган беккерель байгаа аж. Мияги мужийн Курихара хотод хамгийн их цөмийн хаягдал байгаа юм. Японы хуулиар орон нутгийн эрх баригчид цөмийн хог, хаягдлынхаа талаар Засгийн газарт илтгэх ёстой. Гэвч Фукушима-1 цөмийн цахилгаан станц дээр осол гараад таван жил өнгөрсөн ч олон муж, орон нутаг үүнийг хийгээгүй байна.

Он гарсаар Кубад нэг сая жуулчин зочилжээ

2016 он гарсаар Кубад нэг сая гаруй жуулчин хөл тавиад байна хэмээн Кубын аялал жуулчлалын газраас мэдээлэв. Өмнөх онтой харьцуулбал Куба улс арав хоногийн өмнө энэ үзүүлэлтэд хүрээд байгаа нь өндөр амжилт юм. Куба арал энэ онд дөрвөн сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байна. 2015 онд Куба улсад 3.7 сая жуулчин зочилж рекорд тогтоосон юм. Үндэсний статистик, мэдээллийн төвөөс гаргасан тооцоогоор, өнгөрсөн онд аялал жуулчлал 1.94 тэрбум долларын орлого оруулсан нь 2014 оныхоос 10.7 хувиар их байгаа ажээ.

2016 оны эхний хоёр сард Кубад ирсэн жуулчид нь голдуу Герман, Их Британи, АНУ, Франц, Итали, Аргентины иргэд байна. Гэвч Кубад жуулчид “нийлүүлдэг” орнуудаас Канад тасархай тэргүүлдэг. 2016 оны эхний сард гэхэд л Канадын 173 мянган жуулчин Кубад ирж амарчээ.

No comments:

Post a Comment