Sunday, March 6, 2016




Цахим шууданг зохиосон Рэй Томлинсон өөд болов

Цахим шууданг зохиосон гэгддэг Америкийн програмист Рэй Томлинсон 75 насандаа өөд болов. Тэрээр 1971 онд цахимаар мэдээлэл илгээх санааг сэдсэн билээ. Томлинсон шуудангийн хаягийг тодорхой системд нэгтгэхийн тулд @ тэмдэгтийг санаачилсан юм. Рэй Томлинсон Бостон хотод Bolt, Beranek and Newman компанид инженерээр ажиллаж байхдаа анхны цахим шууданг илгээжээ. Тэрээр анхны цахим зурвастаа юу бичсэнээ санадаггүй аж. “Санахгүй байхыг бодоход шал дэмий л юм бичсэн байх” хэмээн өгүүлж байв. Томлинсон 2012 онд Интернэтийн алдрын танхимд нэрээ бичүүлжээ.

Иракт 47 хүний аминд хүрчээ

Иракийн Хилла хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 47 хүний аминд хүрсний хариуцлагыг “Исламын улс” бүлэг хүлээжээ. Дэлбэрэх бодисоор дүүргэсэн бензин тээвэрлэгч машин Хилла хотын шалган нэвтрүүлэх боомт дээр дэлбэрсэн юм. 40 орчим энгийн иргэн, цагдаагийн долоон ажилтан амь үрэгдсэн хэмээн эрх баригчид мэдэгджээ. Сүүлийн нэг сард лалын хэт даврагчдын халдлага ихэсч, тэдний гарт 100 гаруй хүн амиа алдаад байна. “Исламын улс” бүлэг Иракт байр сууриа алдаж байгаа тул халдлага, дэлбэрэлт зэрэг хорлон сүйтгэх ажиллагаа ихээр явуулж байгаа ажээ.

Эмэгтэйчүүдийн жагсаалыг хүч хэрэглэн тараажээ

Туркийн цагдаа Стамбулын төвд Эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэх гэж байсан зуу орчим хүмүүсийг резинэн сум хэрэглэн тараажээ. Жагсаалд оролцогчид жагсаал, цуглаан хийх  хоригийг үл тоож Турк дахт эмэгтэйчүүдийн асуудлыг олны анхааралд хандуулахыг оролджээ. Эмэгтэйчүүд Стамбулын Азийн талд байдаг Кадыкей дүүргийн талбайг дүүргэж, эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэхийг шаардсан байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумаар бууджээ. Улмаар цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсч, нэг хүнийг баривчилсан байна. Анкара хотод мөн эмэгтэйчүүд жагсаж цагдаа нартай мөргөлджээ.
Туркийн парламент 2015 оны гуравдугаар сард цагдаагийн эрх мэдлийг ихээхэн нэмэгдүүлсэн хууль баталсан юм. Хууль сахиулагч нарт галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Мөн цагдаа нар сэжигтэй хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг баривчилж, баривчлах шийдвэрийг зөвхөн шүүгч, прокурор бус, мөн орон нутгийн захирагчид гаргах эрхтэй болжээ.

Байшингийнхаа дээвэр дээр найман мянган цэцэг тарьжээ

ОХУ-ын Белгород хотын нэгэн иргэн байшингийнхаа дээвэр дээр найман мянган алтанзул цэцэг тарьжээ. Тэрээр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтаж ийм олон цэцэг тарьсан аж. Байшингийн дээврээ халаалтын системд холбож дулаан орчин бий болгосноор цэцэг тарих боломжтой болгожээ.

Орос эр “барселона”, “стронг голд”, “фабио”, “баллада, барбадос” зэрэг 15 төрлийн алтанзул цэцэг тарьсан байна. Яковлевск мужид цэцгийн ихээр тарьж хөрш зэргэлдээ мужид нийлүүлдэг долоон хүн байдаг аж. Оросууд эмэгтэйчүүдийн баяраар алтанзул цэцэг бэлэглэх дуртай. Саяхан явуулсан судалгаагаар, орос бүсгүйчүүд Мартын 8-наар цэцэг, шоколадны цуглуулга, үнэртэй ус бэлгэнд авах дуртай нь харагджээ. 

No comments:

Post a Comment