Wednesday, March 2, 2016




Airbus 380 17 цаг нисч рекорд тогтоов

Emirates Airline авиакомпанийн Airbus 380 нисэх онгоц буулгүйгээр хамгийн урт, удаан нислэг хийлээ. Агаарын хөлөг Дубайгаас Шинэ Зеландын Окланд орохдоо (14.2 мянган км) буулгүйгээр 17 цаг 15 минут нисч хүрчээ. Дубай-Окландын анхны нислэгийг Airbus 380 онгоцоор хийсэн ч энэ чиглэлийн байнгын нислэгт Boeing 777-г ашиглах ажээ. Буулгүйгээр хамгийн урт, удаан нислэг хийсэн рекордыг Австралийн Qantas авиакомпани эзэмшиж байв. 2014 онд тус авиакомпанийн онгоц Сидней-Дубайн хоорондох 13.8 мянган км замыг 17 цагийн дотор туулж байжээ. Өчигдөр тогтоогдсон рекорд мөдхөн эвдэгдэх бололтой. Emirates Airline Дубай-Панамын хооронд нислэг хийхээр төлөвлөж байна. Энэхүү шууд нислэг 17 цаг 35 минут үргэлжлэх ажээ.

Английн шигшээ багийн тоглогч шоронд орох бололтой

“Сандерланд” болон Английн шигшээ багийн хөлбөмбөгч асан Адам Жонсон насанд хүрээгүй охиныг уруу татсан хэрэгт буруутай нь тогтоогджээ. 12 шүүгчийн арав нь түүнийг өсвөр насны охиныг садар самуунд уруу татсан хэрэгт буруутай хэмээн үзсэн байна. Харин тэр охинтой сексийн харилцаанд орсон гэх буруутгалыг хүчингүй болгожээ. Шүүгч Жонатан Роузын үзэж буйгаар, хөлбөмбөгчинд хорих ял оноох нь зайлшгүй бололтой. А.Жонсон 5-10 жилийн ял авч магадгүй болоод байна.
Хоёрдугаар сарын эхээр Жонсон дээрх хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрсний дараа клуб нь түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан юм. Тэрээр насанд хүрээгүй охинтой дотно харилцаанд орсон хэргээр 2015 оны гуравдугаар сарын 2-нд баривчлагдаж байв. Мөрдөн шалгалтаар, Жонсон 15 настай охинтой интернэтээр харилцаж, дараа нь уулзаж сексийн харилцаа тогтоохыг санаархжээ. Адам Жонсон 2012 онд “Манчестер Сити”-гээс “Сандерланд”-д 14 сая доллараар ирж байсан юм. Тэрээр клубтээ 96 тоглолтод гарч 17 гоол оруулжээ. Английн шигшээд 12 удаа тоглож, хоёр гоол оруулж байв.

М.Горбачев алхсаар өндөр наслажээ

85 нас сүүдрийг зооглож байгаа ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев байнгын алхалт, зугаалгын ачаар өндөр наслаж байна хэмээн ярьжээ. “Миний ануухан, эрүүл саруул бие Раиса (Горбачевийн гэргий, 1999 онд нас барсан)-тай л холбоотой. Бид бараг 40 жил шуурга, бороо, цас гээд ямар ч цаг агаартай үед хамтдаа өдөр бүр зургаан км алхдаг байлаа” хэмээн тэрээр Латвийн Baltkom радиод өгсөн ярилцлагадаа онцолжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Михаил Горбачевт баярын мэндчилгээ илгээж, эрүүл мэнд, сайн сайхныг хүсэхдээ түүний мэргэжлийн туршлага, мэдлэгийг өндөр үнэлдгээ дурджээ. Горбачев 1990 оны гуравдугаар сард ЗХУ-ын Ардын депутатуудын ээлжит бус их хурлаар ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Хойд Солонгос ойрын тусгалтай пуужин харвав

Хойд Солонгос ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан нь Япон тэнгист уналаа хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэв. Үүний өмнөхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн туршилт хийж, пуужин харвасан Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоолыг баталсан юм. Тогтоолын дагуу, Хойд Солонгосоос импортлодог хэд хэдэн төрлийн үнэт металлд хориг тавих, мөн Хойд Солонгос руу явж буй бүх ачааг шалгаж, хориотой бараа, техник, технолги байгаа эсэхийг нягтлаж байхаар болжээ. Үүнээс гадна тус улсын хэд хэдэн иргэн, байгууллагыг хар жагсаалтад оруулсан байна.

Хойд Солонгос цөмийн туршилтаа зогсоохоос татгалзсаны улмаас хоёрдугаар сарын эхээр АНУ-ын Конгресс Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөх хуулийг баталсан билээ. Пхеньян сансрын хөтөлбөрөө энхийн зорилготой хэмээн баталсаар байгаа ч АНУ, Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улс итгэхгүй байгаа аж. Ким Чен Уны дэглэм сансрын хөтөлбөр нэрийн дор тив хоорондын, АНУ-ын баруун эрэгт хүрэх чадвартай пуужин бүтээхээр оролдож байна хэмээн үзэж байгаа аж. 

No comments:

Post a Comment