Салах Абдеслам Стад де Франс цэнгэлдэхийг дэлбэлэх ёстой
байжээ
2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парист үйлдэгдсэн
халдлагын дараа зугтаж алга болсон Салах Абдеслам Франц-Английн нөхөрсөг
тоглолт болж байсан Стад де Франс цэнгэлдэхийг дэлбэлэх террористуудын бүлэгт
багтаж байсан ч энэ санаагаа орхисон хэмээн мөрдөн байцаагч нарт мэдүүлжээ.
Францын нийслэлд 130 хүний аминд хүрсэн алан хядлагад бэлтгэх ажилд тэрээр
голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюссель хотын
Моленбек дүүрэгт баривчлагдсан 26 настай жихад дайчин Салах Абдесламд Бельгийн
прокурорын газраас “Террорист халдлагад оролцсон” хэмээн хэрэг үүсгээд байна.
Францын Хууль зүйн яам түүнийг баривчлах, хүлээлгэж өгөх тушаал гаргасан ч
Салах энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа хэмээн өмгөөлөгч нь мэдэгдлээ. Тиймээс
түүнийг Францын талд хүлээлгэж өгөх асуудал гурван сар хүлээгдэж магадгүй
болов.
Анхны төлөвлөгөөний дагуу Абдеслам Стад де Франс
цэнгэлдэхийн гадаа бөмбөг дэлбэлж нэг хүний аминд хүрсэн өөр гурван камиказетэй
хамтрах ёстой байжээ. Гэвч тэрээр эцэст нь хүртэл явж чадаагүй аж. “Тэрээр
анхны мэдүүлгээрээ ингэж ярьсан. Үүнд болгоомжтой хандаж, түүнээс асууж
тодруулах зүйл байгаа” хэмээн Францын прокурорын газраас мэдэгдэв. Абдеслам мөн
Парисын 18-р дүүрэгт бөмбөг дэлбэлэх байсан ч дэлбэлээгүй, амиа золиослогч
гурван этгээдийг Стад де Франс цэнгэлдэхэд авчирсан автомашинаа энэ дүүрэгт
орхисон байжээ. Түүний дэлбэрэх бодистой хантааз нь Парисын Монруж дүүргээс
олдсон юм. Ямартай ч 26 настай залуу Парисын халдлагад голлох үүрэг гүйцэтгэсэн
нь батлагдаж байгаа. Тэрээр бусад террористуудыг Европоор зөөж тээвэрлэсэн. Халдлага
болохоос өмнө гурван сарын хугацаанд нааш цааш олон удаа явж, террористуудыг
авчирчээ. Хэд хэдэн бүлэглэлийн ашигласан автомашиныг түрээслэж, дэлбэрэх бодис
худалдан авч, халдлагын өмнө ашиглаж байсан байрыг түрээслэх ажлыг тэр зохион
байгуулсан юм. Харин халдлага болдог шөнө Абдеслам яг ямар үүрэгтэй байсныг
тодруулах хэрэгтэй болж байна. Баривчлах ажиллагааны үеэр хөлөндөө хөнгөн
шархадсан Абдеслам хагас сайнд эмнэлгээс гарч, Брюж дахь шоронд анхны мэдүүлгээ
өгчээ.
Өнгөрсөн мягмар гаригт Брюссель хотын Форест дүүргийн
нэгэн байрыг нэгжсэний дараа Салах Абдесламыг эрж хайх ажиллагааг идэвхжүүлсэн
юм. Түүнийг тэнд байсныг мөрдөгчид эхлээд мэдээгүй аж. Гэвч тэнд нуугдаж байсан
босуул этгээд хамсаатныхаа хамтаар загтаж амжжээ. Энэхүү нэгжлэгээс хэдэн
цагийн дараа аюулгүйн албаныхан нэгэн утасны дуудлагыг барьж авсан нь
Абдесламын найз хэмээх этгээд байв. Жихадист эр түүнтэй холбогдож шинэ нуувч
олж өгөхийг хүсчээ. Мөрдөгчид утасны дугаараар хөөж түүний шинэ оромжийг
илрүүлснээр баривчилж чаджээ.
Абдесламыг баривчилснаар “Исламын улс” бүлэгт хүчтэй
цохилт өглөө хэмээн Францын Дотоод хэргийн сайд Бернар мэдэгдээд “Гэвч бид
хараа хяналтаа сулруулж болохгүй. Бусад алан хядагчдыг хайсаар байх болно”
хэмээн онцоллоо. Интерпол 190 гишүүн орнууддаа хандаж Абдесламын баривчилгаа
түүний хамсаатнуудын зугталтыг идэвхжүүлж магадгүй тул хамгаалалт, хяналтаа
дээшлүүлэхийг уриалжээ.
No comments:
Post a Comment