Ар гэрт нь 20 мянган доллар олгоно
FlyDubai авиакомпани ОХУ-д сүйрсэн онгоцны ослоор амь
үрэгдсэн хүмүүсийн ар гэрт 20 мянган долларын тусламж олгохоор болжээ. Мөн
Ростов мужийн захирагч Василий Голубев ослын золиос болсон хүмүүсийн төрөл
төрөгсдөд нэг сая рубль олгоно хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт FlyDubai
авиакомпанийн 55 зорчигчтой нисэх онгоц Донын Ростов хотын нисэх буудалд
сүйрсэн юм. 44 нь ОХУ-ын иргэн байжээ. 55 зорчигч, нисэх багийн долоон гишүүн
бүгд амь үрэгджээ. ОХУ-ын мөрдөн шалгах хороо, Олон улс хоорондын нислэгийн
хороо ослын шалтгааныг судлан шалгаж байна. Сүйрсэн нисэх онгоцны хар хайрцгийг
Москва хотод авчирчээ.
Стамбулд болсон дэлбэрэлтэд Америк, Израилийн иргэд өртжээ
Гуравдугаар сарын 19-нд Стамбулд болсон дэлбэрэлтэд
АНУ-ын хоёр иргэн амиа алдлаа хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэв. Мөн
Израилийн хоёр иргэн ами алдсан тухай мэдээ ирж байна. Шархадсан хүмүүсийн
дотор Израилийн 11 иргэн байгаа тул тус улс иргэдээ авахаар хоёр нисэх онгоц
илгээжээ. 19-нд Стамбулын жуулчид хамгийн их зочилдог Истикляль гудамжинд амиа
золиослогч этгээд бөмбөг дэлбэлж таван хүний аминд хүрчээ. 36 хүн шархадсаны 12
нь гадаадын иргэн байна. Туркийн цагдаа халдлагад холбоотой этгээдийг
баривчилсан хэмээн мэдэгдэв. Гуравдугаар сарын 13-нд Анкара хотод автобусны
буудлын ойролцоо халдлага болж 37 хүн амиа алдсан билээ. Дэлбэрэлтийг “Курдистаны
эрх чөлөөний харцагууд” бүлэг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ.
Улсаас 25 сая доллар хулгайлсан хүмүүсийг илрүүлжээ
Малайзид улсын сан хөмрөгөөс 25 сая гаруй доллар
хулгайлсан гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Цагдаагийн тусгай ажиллагааны үеэр
найман хүнийг баривчилсны дотор өндөр тушаалын түшмэд ч байгаа аж. Тэд төсвөөс
мөнгө хулгайлах үйлдлээ далдлахын тулд хэд хэдэн хуурамч компани байгуулж, гүйцэтгээгүй
ажил, төслийнхөө төлөө улсын сангаас мөнгө авдаг байжээ.
2015 онд Ерөнхий сайд
Нажиб Разакийг тойрсон авлигын томоохон хэрэг дэгдсэн юм. 2013 оны парламентын
сонгуулийн өмнө Ракакийн хувийн дансанд 681 сая доллар орж ирсэн нь тогтоогдож
бөөн шуугиан дэгдэж байв. Гэвч Разакийн эсрэг авлигын хэргийг хэрэгсэхгүй
болгож хаасныг Малайзын ерөнхий прокурор мэдэгджээ. Түүний хэлж буйгаар, Нажиб Разакийн
хувийн дансанд орж ирсэн 681 сая доллар нь Саудын Арабын хааны гэр бүлийн
зүгээс ирсэн бэлэг байсан аж.
No comments:
Post a Comment