Украины хилчид 147 сая рубльтэй автомашиныг саатуулжээ
Украины хилчид Орос руу нэвтрэх гэж байсан нэг
автомашиныг саатуулахад дотроос нь 147 сая рубль (2.1 сая доллар) гарч иржээ. Украины
нэг иргэн “Волга” автомашинаар уг мөнгийг Орос руу авч орох гэж байжээ. Мөнгийг
гялгар уутаар бүрж түлшний саванд нааж бэхэлсэн байв. Жолооч эр дараа нь
хэвлэлд ярихдаа “Нийтдээ 500 сая рубль байсан” гэжээ. Гэвч Украины хилийн
албаныхан, нуусан мөнгө нь 147 сая рубль байсан хэмээн мэдээлэв. Энэ үйл
явдалтай холбогдуулан Украины хил, гаалийн хуулийг зөрчсөн хэргээр жолоочийг
эрүүгийн хариуцлагад татаад байна.
Хятад бизнесмэн АНУ-ын цэргийн нууцыг хулгайлснаа хүлээн
зөвшөөрөв
Хятадын бизнесмэн Су Бинь Америкийн цэргийн томоохон
компанийн компьютерийн сүлжээнд нэвтэрч, нууц мэдээллийг нь хулгайлсан хэргээ
хүлээн зөвшөөрөв. Тэрээр 2014 онд
Канадад баривчлагдсан бөгөөд тав хүртэл жил хоригдох ял авч, ихээхэн хэмжээний
торгуульд унахаар болжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн захиалгыг
гүйцэтгэж байсан Боинг зэрэг томоохон компанийн компьютерийн сүлжээнд
нэвтрэхийн тулд бизнесмэн эр Хятадын өөр хоёр иргэнтэй хуйвалдсан хэрэгт
буруутгагдаж байна. Тэрээр 2014 онд баривчлагдах хүртлээ хакеруудын олж авсан
цэргийн нууц мэдээллийг орчуулж, хөрвүүлэхэд тусладаг байжээ. Су Бинь хоёр
сөнөөгч онгоц, тээврийн онгоцны мэдээллийг хулгайлж Хятадын төрийн мэдлийн
компанид дамжуулсан нь тогтоогдсон юм.
Мозамбикт олдсон сэг нь MH370 онгоцных байж магалгүй
Мозамбикийн эрэг орчмоос олдсон нисэх онгцоны сэг нь Malaysia
Airlines авиакомпанийн сураггүй алга болсон MH370 онгоцных байх магадлал тун
өндөр байна хэмээн Австралийн эрх баригчид мэдэгдлээ. Мозамбикээс олдсон хоёр
сэг нь Malaysia Airlines-ийн Boeing 777 онгоцных мөн гэсэн дүгнэлтийг Малайзын
мөрдөгчдийн баг хийжээ. Энэ тухай Австралийн дэд бүтэц, тээврийн сайд Честер
мэдэгдсэн байна. 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэй аялж явсан Boeing 777
онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд радараас алга болсон юм. Куала-Лумпураас Бээжин
орохоор нисч явсан онгоцны хувь заяа одоо болтол тодорхойгүй байгаа юм. Арваад
хоногийн өмнө Энэтхэгийн далайн Реюнион арал орчмоос мөн энэ онгоцны сэг
олджээ.
“Исламын улс”-т нэгдэх гэж байсан япон иргэнийг саатуулав
Туркт Сиритэй залгаа хил дээр “Исламын улс” бүлэгт нэгдэх
гэж явсан зургаан хүнийг баривчиллаа хэмээн Anadolu агентлаг мэдээлэв. Саатуулагдсан
хүмүүсийн нэг нь Японы 24 настай иргэн байжээ. Тэрээр интернэтээр Сири дахь “Исламын
улс” бүлгийн гишүүнтэй холбоо тогтоож, лалын босогчдын эгнээнд нэгдэхээр
шийдсэн аж. Японы Гадаад хэргийн яам
өөрийн иргэнийг Туркт баривчлагдсаныг батлав. Япон иргэнийг эх оронд буцааж
цөлөх юм. “Исламын улс” бүлэг Евролт алан хядах ажиллагаа үйлдэх зуу гаруй
дайчныг бэлтгэж сургасан тухай мэдээ ирж байна. Уржигдар Бельгид болсон цуврал
халдлагыг ах дүү хоёр үйлдсэн нь тогтоогдоод байна. Тэдний нэг нь Сирид очиж
бэлтгэгдсэн байж магадгүй байгаа юм.
Уурхайн дэлбэрч 19 хүн амиа алдлаа
Хятадын хойд хэсгийн Шаньси мужид нүүрсний уурхай
дэлбэрсний улмаас дор хаяж 19 амиа алдаад байна хэмээн Синхуа агентлаг
дамжуулав. Shanxi Datong Coal Mine Group-ийн уурхайд осол болох үед 129
уурхайчин ажиллаж байжээ. Бусад уурхайчин эсэн мэнд газар дээр гарч чаджээ.
Аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Хятад дахь уурхайн аюулгүй байдал дэлхийд доогуур ордог.
2015 оны арванхоёрдугаар сард Шаньдун мужийн уурхайд нуралт болж 29 хүн амиа
алдсан юм. Мөн энэ үед Хэйлунцян мужийн нүүрсний уурхайд гал түймэр гарч 21
уурхайчин амь үрэгдэж байжээ. Сүүлийн нэг жилд тус улсад 900 орчим хүн уурхайн
ослоор амь үрэгдээд байна.
Роналдо дахин эцэг болно
Реал Мадрид болон Португалын шигшээ багийн довтлогч
Криштиано Роналдо дахин эцэг болохоор зэхэж байна хэмээн Португалын хоёр ч
хэвлэл мэдээлэв. Тэрээр мөдхөн зургаан нас хүрэх гэж буй хүү Криштианиногийн
адилаар түрээсийн эхийн тусламжтайгаар дахин хүүхэдтэй болох бололтой.
Хүүхэдтэй байх нь түүнд ихээхэн таашаал өгч байгаа тул тэрээр энэ чиглэлд дахин
нэг зүтгэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Correio da Manha” сонин
баталж буйгаар, Роналдо өнгөрсөн шинэ жилээр хүүгээ эмээтэй нь Мадейра арал
дээр орхиод Майами руу явахдаа шинэ хүүхдийнхээ эхийг сонгох ажилтай явсан аж.
Нэрт хөлбөмбөгч 2010 онд нэгэн америк бүсгүйн хэвлийг нэг сая доллараар
түрээсэлж хүүхэдтэй болсон билээ. Хүүхдийн эхийг нууцлах нь гэрээний хамгийн
гол заалт байдаг ажээ.
No comments:
Post a Comment