Tuesday, March 15, 2016



Брейвикт юу таалагдахгүй байна вэ?

2011 онд 77 хүнийг алсан хэргээр 21 жилийн ял эдэлж байгаа Норвегийн иргэн Андерс Брейвик шоронгийн нөхцөл байдлын талаар Норвегийн эрх баригчдад гомдол гаргасныг шүүх хэлэлцэж байна. Гомдлыг хэлэлцэх шүүх хурлын анхны сонсгол өчигдөр болж Брейвик шүүхийн танхимд орж ирэхдээ гараа өргөн нацист маягаар мэндчилжээ. Тэрээр шоронгийн нөхцөл тамлан зовоолттой адилхан байна, Норвегийн Засгийн газар Европын хүний эрхийн конвенцийн хоёр заалтыг зөрчиж байна хэмээн ярилаа. Нийслэл Осло хотоос 100 км-т байдаг Шиен шоронд хоригдож байгаа Брейвик камерт тусгаарлагдсаны улмаас сэтгэл санааны хүчтэй хямралд ороод байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдэв. Эрх баригчид түүнийг террорист сүлжээ байгуулахаас сэргийлж гадаад ертөнцтэй интернэтээр холбогдохыг хориглосон юм. Эргэлт, уулзалтыг нь шилэн цонхоор байнга хянадаг аж. Ерөнхий прокурорын газраас, гэмт хэрэгтний хоригдох нөхцөл байдал хүний эрхийн конвенцийн шаардлагыг хангаж байгаа хэмээн мэдэгдэв. Андерс Брейвикийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал баасан гариг хүртэл үргэлжилнэ. Шоронгийн нөхцөл байдал түүний эрхийг зөрчиж, сэтгэцийн эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байна гэж үзвэл хорих нөхцөлийг нь зөөлрүүлэх ажээ.

А.Брейвик шоронгийн нөхцөлийн талаар анх удаа гомдоллож буй нь энэ биш. Тэрээр өмнө нь гянданд ганцааранг нь хорьж, өдөрт гадаа нэгхэн цаг гаргаж байна хэмээн гомдол гаргаж байжээ. Өнгөрсөн жилээс улс төрийн ухааны хичээл үзэж байснаа больсон аж. Брейвик гяндангийн дотоод тохижилт уйтгартай байна, цонхоор алсын бараа харагдахгүй байна, хүйтэн кофе, цөцгийн тос багатай талх өгч байна хэмээн гомдоллож байв. 

No comments:

Post a Comment