Tuesday, March 1, 2016



Хүмүүнлэгийн хямралд өрнөдийн хориг арга хэмжээ буруутай гэв

Сири дахь хүмүүнлэгийн гамшиг нь тус улсын эсрэг авсан өрнөдийн хориг арга хэмжээтэй холбоотой хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ARD телевизэд ярилцлага өгөхдөө онцолжээ. “Та нарын ярьж буй гамшиг, сүйрэл, аймшгийг зөвхөн алж, хядаж, эвдэлж байгаа террористууд биш, харин Сирийн эсрэг өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнээс үүсч байгаа юм. Хориг арга хэмжээ иргэн бүрийг боомилж, гадуурхаж байна” хэмээн тэрээр хэлжээ. Турк, Саудын Араб, Катар зэрэг улс орнууд бүс нутаг дахь террористуудыг дэмжиж нөхцөл байдлыг улам муутгаж байна хэмээн Сирийн төрийн тэргүүн мэдэгдлээ. Сирид зарласан гал зогсоолт парламентын сонгуулийн улмаас аюулд орж магадгүй болоод байгаа тухай мэдээ ирж байна.

Б.Обамагийн айлчлалын үеэр бейсболын тоглолт болно

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гуравдугаар сарын эцсээр Кубад айлчлах үеэр Америкийн бейсболын лигийн Tampa Bay Rays баг Кубын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Хамгийн сүүлд 1999 онд Америкийн Baltimore Orioles баг Куба арал дээр ирж тоглолт хийж байсан юм. Rolling Stones хамтлаг Америкийн Ерөнхийлөгчийн Куба дахь айлчлал дууссаны дараа Гаванад үнэгүй концерт тоглоно хэмээн зарлав. 1928 онд АНУ-ын Ерөнхийлөгч Калвин Кулижа Кубад айлчилснаас хойш Кубад хөл тавьж буй Цагаан ордны анхны лидер нь Б.Обама болж байна.

“Евро-2016”-д аюулгүй байдлыг хангаж чадах уу?

Европын хөлбөмбөгийн холбооны (УЕФА) оператив ажиллагааны дарга Мартин Каллен “Евро-2016” тэмцээний тоглолтыг өөр газар шилжүүлэх, эсвэл үзэгчгүй хийх тухай мэдээлэлд хариулж өгчээ. “Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний зарим тоглолтыг өөр газарт шилжүүлэх, эсвэл аюулгүй байдлын үүднээс цуцлах магадлал байгаа. Террорист аюул гарч ирлээ гэж үзвэл бид аюулгүй байдлыг бүрэн сахиулж чадахгүй. Тиймээс тухайн тоглолтыг үзэгчгүй ч явуулж магад. Тоглолтыг өөр газар, өөр хот руу шилжүүллээ гэхэд үзэгчид тийшээ очиж амжихгүй л болов уу. Тоглолт бүрийн өмнө хүн бүрийг нарийвчлан шалгана гэдэг боломжгүй” хэмээн Каллен ярьжээ. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэг аюул, заналхийлэл илрээгүй байгааг тэрээр онцоллоо. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ зун Франц улсад болно. Хэдэн сарын өмнө Парис хотод аймшигтай цуврал халдлага болж 130 хүн амиа алдсан билээ. 

No comments:

Post a Comment