Sunday, September 25, 2016



Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэж эхэллээ

Сирийн дөрвөн хотод хүмүүнлэгийн тусламж хүргэж эхэллээ хэмээн Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлэв. Дайн байлдаанд нэрвэгдэж орон гэргүй болсон сири иргэдэд 71 ачааны машинээр хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа ба 60 мянга орчим хүн хамрагдах аж. Хоол хүнс, эм бэлдмэл, эрүүл ахуйн хэрэглэл ачсан машины цуваа агаарын бөмбөгдөлтөд өртөж сүйрээд байгаа Алеппо муж руу хөдөлжээ. Есдүгээр сарын 19-нд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг хүргэж явсан автомашины цуваа бөмбөгдөлтөд өртөж 31 ачааны машины 18 нь эвдэрсэн юм. Зарим хэвлэл энэ довтолгоог Оросын онгоцууд хийсэн гэж байгаа ч ОХУ-ын Батлан хамгаалах яам үүнийг няцааж байна.

“Боко Харам”-ын лидер гарч ирэв

Нигерийн “Боко Харам” бүлгийн лидер Абубакар Шекау өнгөрсөн наймдугаар сард бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч тэрээр үхээгүй, амьд гэдгээ мэдэгджээ. Шекаутай тун адилхан хүнийн бичлэг интернэтэд тавигдаж, тэрээр араб, хауз, канури хэлээр мэдэгдэл хийсэн байна. Тэрээр эрүүл саруул, аюулгүй байгаа гэдгээ хэлж байгаа ч энэ бичлэг хэзээ хийгдсэн нь тодорхойгүй байна. Абубакар Шекау алуулж, Абу Мусаб аль-Барнави тус бүлгийг удирдах болсон хэмээн мэдээлж байв. Гэвч Абубакар үүнийг няцааж “Би бүлгээ удирдсаар байгаа. Миний зарим хамтран зүтгэгч надаас урваж хуйвалдсан” хэмээн ярьжээ.
Тус бүлгийг үндэслэн байгуулагч Мохаммед Юсуф 2009 онд нас барсны дараа Абубакар Шекау толгойлох болсон юм. “Боко Харам” түүний удирдлага дор улам харгис болж, Нигерийн Засгийн газрын эсрэг дайтаж олон мянган хүний аминд хүрээд байна. Олон зуун хүнийг хулгайлсны дотор 200 орчим эмэгтэй сурагч байгаа аж. “Боко Харам” бүлгийн гишүүд 2015 оны гуравдугаар сард “Исламын улс” бүлэгтэй нэгджээ. Нигерийн Засгийн газрын цэрэг өргөн хэмжээний довтолгоо явуулж “Боко Харам”-д эзлэгдсэн ихээхэн газар нутгийг буцааж хяналтдаа аваад байна.

Б.Клинтоны экс амрагийг мэтгэлцээнд урина хэмээн сүрдүүлэв


Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Дональд Трамп өнөөдөр өрсөлдөгч Хиллари Клинтонтой хийх мэтгэлцээнд Билл Клинтоны экс амраг Женнифер Флауэрсийг урьж авчирна хэмээн мэдэгджээ. Тэрээр Твиттер хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгдээд Флауэрсийг эхний эгнээд суулгана гэжээ. Флауэрс энэ талаар сэтгүүлчдэд ярихдаа “Тийм ээ, би тэр мэтгэлцээнд очно” гэсэн аж. Үнэхээр Трамп түүнийг Хилларитай хийх мэтгэлцээнд албан ёсоор урьсан эсэх нь тодорхойгүй байна. Эсвэл, бүсгүй түүний жиргээг урилга хэмээн хүлээж авсан бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн штаб мэтгэлцээнд оролцох хүмүүсийг өөрсдийн үзэмжээр, өрсөлдөгчид улс төрийн нөлөө үзүүлэх зорилгоор сонгож авдаг аж. Трамп ч өөрөө ариухан амьтан биш ажээ. Түүний гурван эхнэрийн хоёр дахь нь түүний нууц амраг байсан юм. 

No comments:

Post a Comment