Saturday, September 10, 2016




Иран 3.6 тэрбум долларын нефть экспортлов

Иран улс өнгөрсөн гуравдугаар сараас хойш 8.7 тэрбум тн нефтийн бүтээгдэхүүн гадаад руу гаргаж 3.6 тэрбум долларын наймаа хийлээ хэмээн тус улсын мэдээллийн IRNA агентлаг уламжлав. Тегераны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах болсноор нефть, нефтийн бүтээгдэхүүний экспорт өсчээ. Олон улсын хамтын нийгэмлэг Ираны эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлж, банкны системд нь тавьсан хязгаарлалтыг цуцалснаар ийнхүү нааштай нөлөө үзүүлжээ. Иран улс өнгөрсөн долдугаар сараас эхлэн Их Британид нефть нийлүүлж эхэлсэн юм. Мөн энэ салбарт Болгар, Румын, Итали, Франц улстай хамтран ажиллаж байна. Тегераны тал ОХУ, Саудын Арабтай тохиролцсоны үндсэн дээр нефтийн олборлолтоо нэмэгдүүлэхээр болжээ.

А.Кербер US Open-д түрүүллээ

“Их дуулга” цувралын дөрвөн том тэмцээний нэг болох Америкийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний (US Open) эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Германы Анжелика Кербер түрүүллээ. Тэрээр аваргын төлөө тоглолтод Чехийн Каролина Плишковаг 6:3, 4:6, 6:4 харьцаагаар хожжээ. Энэ онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, Уимблдон болон Олимкийн тоглолтын финалд шалгарсан Кербер АНУ-ын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлж байна. Тэрээр US Open-д түрүүлж 3.5 сая долларын чек гардсан бөгөөд маргаашнаас эхлэн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж эхлэх юм.

Бухын тулалдааныг эсэргүүцсэн жагсаал болов

Испанийн нийслэл Мадрид хотод уламжлалт бухын тулалдааныг хориглохыг шаардсан жагсаал болжээ. Эсэргүүцэгчид “Бухын тулалдаан бол харгис хэрцгий сургууль, ард түмний шившиг” гэсэн зураг хуудас, самбар барьсан байв. Өнгөрсөн зургадугаар сард Кастилья-Леон мужийн захиргаа хотын баяр, наадам дээр бух наадуулж, бух алахыг хориглосон шийдвэр гаргасан юм. Гэвч Испанийн соёлын өвийн салшгүй нэг хэсэг болсон коррида буюу бух наадуулах тулалдааны хоёр мянга орчим арга хэмжээ жил бүр Испани даяар болсоор байна. Хэдийгээр бухыг олон нийтийн өмнө хэрцгийгээр алахыг эсэргүүцсэн хүмүүс нэмэгдэж байгаа ч үүнийг Испанийн соёлын салшгүй хэсэг, уламжлал гэж үздэг хүмүүс байсаар байгаа юм. Энэ оны долдугаар сард нэг матадор буханд мөргүүлж амь насаа алдсан нь сүүлийн 31 жилд гарсан анхны тохиолдол болжээ.

В.Путин, Д.Медведев нар загасчилжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар амралтын өдрөөр Новгород мужийн Липно арал руу салхинд гарангаа загасчилжээ. “Би ганц ч загас бариагүй ч загасанд явах сайхан байлаа” хэмээн Медведев “Риа Новости”-ийн сурвалжлагчид ярьжээ. Тэнд загасчилж байсан оросууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа хараад өөрсдийн галд урьж шинэхэн загасны шөлөөр дайлж, халуун дотно яриа өрнүүлсэн байна. Үүний дараа Путин, Медведев нар мужийн үнэн алдартны сүмд зочилжээ. 

No comments:

Post a Comment