Monday, September 5, 2016




Бохир агаар Алцгеймер өвчин үүсгэдэг

Бохирдсон агаар нь Алцгеймер буюу ой санамжаа алдах өвчний нэг хүчин зүйл байж болохыг Британийн эрдэмтдийн шинэ судалгаа нотолж байна. Британи дахь Алцгеймерийн өвчнийг судлах төвийн мэргэжилтнүүд хүний тархины эд эсэнд булчирхайн соронзон ислийн жижиг хэсгүүд байдгийг илрүүлжээ. Агаар нь ихэд бохирдсон хотод амьдардаг хүмүүсийн тархины эд эсэн дахь хорт бодисын хэмжээ хавьгүй их байсан аж.
Хүний тархины эд эсэн дахь булчирхайн соронзон ислийн жижиг хэсгүүд болон ой санамжаа алдах өвчний хооронд шууд хамаарал байгааг судалгаагаар тогтоогоогүй ч хүрээлэн буй орчны бохирдлын нөлөөг цаашид судлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тархины эд эс, нэхдэст хуримтлагддаг соронзон чулуу нь тархины эд эсийг гэмтээдэг бодис бүрэлдэх нөхцөлийг бий болгодог ажээ.

Рики Мартин: “Хүсэл байвал би эмэгтэйчүүдэд ч нээлттэй”

Нэрт дуучин Рики Мартин ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа олон шүтэн бишрэгчид нь сэтгэлээр унаж байсан билээ. Гэвч бүх юм өнгөрчихөөгүйг Мексикийн “Fama!” сэтгүүл сануулж байна. Р.Мартин эмэгтэй хүнийг ч хүсдэг, харилцаа үүсгэсэн ч болно хэмээн тус сэтгүүлд ярьжээ. “Би ижил хүйстэн. Би эрэгтэйчүүдэд дуртай. Гэвч би сексээс таашаал авахдаа бүрэн эрх чөлөөтэй, нээлттэй байдаг. Тиймээс би хүсэх л юм бол эмэгтэй хүнтэй жаргаж чадна. Харин эмэгтэй хүнтэй хамтран амьдарна гэж огт боддоггүй. Эрчүүд л миний сонголт” хэмээн Мексикийн сэтгүүлд илэн далангүй өгүүлжээ. Пуэрто-Рико гаралтай нэрт дуучин эдүгээ иран найз залуу Жван Иосефийн хамт Испанийн Ибиза аралд амарч байна.

Кабулд дахин дэлбэрэлт болжээ

Афганистаны нийслэл Кабул хотод нэг хоногийн дотор гурван ч дэлбэрэлт болжээ. Сүүлчийн дэлбэрэлт, халдлагын дараа буудалцаан болсон хэмээн мэдээлж байна.
Өчигдөр Кабулд болсон хоёр дэлбэрэлтэд 30 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархдаж бэртжээ. Сүүлчийн дэлбэрэлт ямар хохирол учруулсан талаар мэдээлэл ирээгүй байна. Эхний халдлагыг алсын удирдлагын тусламжтайгаар үйлдсэн бол, хоёр дахь халдлагыг амиа золиослогч этгээд зохион байгуулжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд нэг генерал, цагдаагийн өндөр албан тушаалын хоёр офицер байгаа аж. Эхний дэлбэрэлтийн дараа аюулгүй албаны олон ажилтан ирж цугласны дараа амиа золиослогч этгээд бөмбөгөө дэлбэлсэн байна. Халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээн зөвшөөрчээ.

Крым дахь амралтын газар Европын шилдгээр шалгарчээ

World Travel Awards байгууллагаас ОХУ-ын хамгийн шилдэг зочид буудал, амралт сувилалыг шалгаруулж Италийн Сардини арал дээрх арга хэмжээний үеэр шагнал гардуулжээ. Крым дахь амралт-сувиллын Mriya Resort & Spa зочид буудал Европын хамгийн шилдэг амралт-сувилал гэсэн өргөмжлал хүртсэн юм. Оросын хамгийн шилдэг зочид буудлаар Москвагийн Ritz-Carlton, хамгийн өвөрмөц загвар, шийдэлтэй зочид буудлаар Санкт-Петербургийн Rossi Boutique Hotel & SPA, шилдэг бизнес зочид буудлаар Москвагийн Swissotel Krasnye Holmy шалгарчээ. Хамгийн шилдэг амралт-сувиллын газраар Сочигийн Radisson Blu Paradise Resort шалгарч өргөмжлөл авлаа. World Travel Awards-ийн шалгаруулалтаар, ОХУ-ын Санкт-Петербург хоёр жил дараалан Европын хамгийн шилдэг аялал жуулчлалын хотоор тодорчээ. 

No comments:

Post a Comment