Wednesday, September 7, 2016

Эрдоган: Турк, Америк хоёр “Исламын улс”-ын нийслэл Раккаг довтлоход бэлэн

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Манай улс АНУ-тай хамтран өөрсдийгөө “Исламын улс” хэмээн нэрлэсэн хэт даврагч бүлгийн дайчдыг нийслэлээ гэж зарласан Ракка хотоос хөөн гаргахад бэлэн байна” хэмээн мэдэгдэв. Түүний хэлж буйгаар, Хятадад болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай лалын дайчдын эсрэг хамтран тэмцэх боломжийн талаар ярилцсан аж. Хоёр улсын цэргийнхэн “Исламын улс”-ын эсрэг хамтарсан ажиллагааг хэрхэн явуулах талаар уулзаж, ярилцах юм байгаа хэмээн Эрдоган өгүүлжээ. Харин Америкийн тал Туркийн лидерийн мэдэгдэлд ямар нэг тайлбар хийсэнгүй.

Туркийн арми өнгөрсөн сараас эхлэн Сирийн газар нутаг руу нэвтэрч “Исламын улс” террорист бүлэг болон Курдын босогчдын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Анкарагийн дэмжлэгийг хүлээсэн Сирийн босогчдын отрядууд “Исламын улс”-ын дайчдыг хилийн Жераблус хотоос хөөн гаргасан юм. Гэвч Турк улс террористууд хэмээн үздэг курдын босогчид хүчээ авч, бүс нутгаар холхих болсонд Анкара санаа зовниж байгаа юм. Туркийн цэргийнхэн Сирийн газар нутаг руу улам нэвтрэн давшилтаа үргэлжлүүлсээр байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаа ОХУ Туркийн цэргүүд Сирийн газар нутгийн гүн рүү нэвтэрч байгаад гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлэв. Ирак, Сирийн үлэмж газар нутгийг эзэлж, хяналтдаа авсан “Исламын улс” бүлэг Ракка хотыг эзэлж нийслэлээрээ зарласнаар байр суурь нь улам бэхжсэн юм. Эдүгээ Ракка хотод 500 мянга орчим хүн амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Лалын хуулийг тунхагласан “Исламын улс” бүлэг тус хотын иргэдтэй харгис ширүүн харьцдаг гэсэн мэдээлэл их байдаг. Турк улс Сирийн хойд нутагт цэргийн ажиллагааг эхлүүлснээр тус улсын газар нутаг дээрх цэргийн эсэргүүцлийн бас нэг оролцогч болон хувирсан юм. Гэвч Анкарагийн эрх баригчид Сирийн хойд хэсэгт цэргийн өргөн хэмжээний үйл ажиллагааг эхлүүлж АНУ-ын дэмжлэгийг хүлээдэг курдын босогчдын эсрэг арга хэмжээ авч байгаа нь Америк-Туркийн харилцааг сэвтүүлээд байгаа юм. Саяхан Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарч бүтэлгүйтсэний дараа Анкара, Вашингтоны харилцаа муудсан билээ. Гэвч хоёр улс эдүгээ харилцаагаа сайжруулахыг хүсч байгаа нь харагдаж байна. Ракка хотыг лалын босогчдын гараас салгахад Турк улс өргөн хүрээтэй оролцох ёстой хэмээн АНУ үзэж байгаа нь хамтран ажиллахын эхлэл болж байна хэмээн тоймч, ажиглагчид үзжээ. Турк, Америк хоёр цэргийн салбарт хамтран ажиллаад эхэлбэл Вашингтон туркуудын Сири дахь стратегийн ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болох юм. 

No comments:

Post a Comment