Monday, September 12, 2016



“Цагаачлагчдыг ангуучлагч”-ийн толгойг 50 мянган доллараар үнэлэв

Хил давахаар зүтгэн тэмүүлж байгаа сири цагаач, дүрвэгчдийн бичлэгийг интернэтэд тавьж, улс орондоо “Цагаачлагчдыг ангуулагч” хочтой болсон болгар эр Динко Валевийг “Исламын улс” бүлэг заналхийлжээ. Террорист бүлгийнхэн түүний толгойг тасдаж авчирсан хүнийг 50 мянган доллараар шагнана хэмээн зарлав. Цагтаа бөхөөр хичээллэж явсан Валев Болгарын хилээр орж ирж буй цагаачдыг отон бичлэг хийж тавихдаа сири дүрвэгсдийг Турк руу буцахыг шаарддаг аж. 2015 онд Болгарт 15 мянган дүрвэгч орж ирсэн юм. “Би болгар иргэдийг хамгаалж, өмгөөлөх л үйлдэл хийсэн. Цагаачдыг ангуучилж бичлэг хийх нь нэр төрлийн спорт юм” хэмээн Динко Валев ярьжээ. Гэвч Хельсинк дахь Болгарын хороо байгууллага Валевийн үйлдлийг хүний эрхийг зөрчсөн явдал хэмээн үзсэн байна.

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн дэлбэрчээ

Африкийн  Бенин улсын нийслэл Котону хотын ойролцоох хогийн цэг дээр дэлбэрэлт болсны улмаас найман хүн амиа алдаж, 87 хүн шархдаж бэртлээ. Котону хотоос 40 км-ийн зайд орших хогийн цэг дээр олон хүн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хайж байх үеэр дэлбэрэлт болсон аж. Хугацаа нь дууссан зарим бүтээгдэхүүн шатсаны улмаас дэлбэрэлт болсон хэмээн үзэж байна. Бениний Засгийн газар олон хүний аминд хүрсэн дэлбэрэлтийн шалтгааныг судлан тогтоох комиссыг байгуулжээ. Хотын эрх баригчид зарим хогийн цэгийг хааж, аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч байна.

“Манчестер Юнайтед” орлогоороо тэргүүлэв


Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” клуб 2015 онд 683 мянган долларын орлого олж бусад клубээ тэргүүллээ хэмээн Sky Sports мэдээлэв. Клубын цэвэр ашиг 91 сая долларт хүрсэн нь бас л тэргүүлэх үзүүлэлт болж байна. Мөн Манчестер хотын баг нэг жилийн дотор хагас тэрбум паундын орлого олсон Английн анхны клуб болжээ. Гэвч тус клубын өр зээл 346 сая долларт хүрээд байгаа нь 2014 оныхоос 5.7 саяаар их байгаа юм. Дэлхий даяар жилийн орлогоороо тэргүүлж байгаа клуб нь Испанийн “Барселона”. Тус клуб 2015 онд 756 сая долларын орлоготой ажиллажээ. “Манчестер Юнайтед” зуны арилжаа наймааны цонхоор дасгалжуулагч Жозе Моуриньо, хамгаалагч Эрик Бэйли, хагас хамгаалагч Поль Погба, Генрих Мхитарян, довтлогч Златан Ибрахимович нарыг багтаа элсүүлсэн билээ.

No comments:

Post a Comment