Wednesday, September 21, 2016




АНУ Ирак дахь цэргийнхээ тоог нэмэхийг хүсч байна

АНУ-ын зэвсэгт хүчний удирдлага Мосул хотыг дайлаар мордох ажиллагааны өмнө Ирак руу нэмж 500 цэрэг илгээх хүсэлтэй байгаагаа эрх баригчдад уламжлаад байна хэмээн Wall Street Journal мэдээлэв. Одоогоор Иракт дөрвөн мянга 400 орчим цэрэг байрлаж үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цагаан ордноос дээрх санаачилгыг дэмжвэл АНУ-аас нэмэгдэж очих 500 цэрэг Иракийн цэргийн албан хаагчид болон “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж буй олон улсын цэргийн хүчинтэй хамтран Мосул хотыг байлдан эзлэх ажиллагаанд бэлтгэж эхлэх юм. Нефтийн ордоор баян Иракийн хойд нутгийн төв хот Мосулыг аравдугаар сарын дундуур дайлаар мордож чөлөөлөхөөр төлөвлөж байгаа аж. Иракийн хоёр дахь том хот Мосул нь 2014 оноос хойш террорист “Исламын улс” бүлгийн мэдэлд оржээ. Хэд хоногийн өмнөөс Иракийн армийн цэргүүд Мосулаас өмнө зүгт 100 км-т орших Ширкат хотыг бүсэлж аваад байна.

Сири дахь хүмүүнлэгийн тусламжийг сэргээнэ

Сирид үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа есдүгээр сарын 26-нд сэргэнэ хэмээн НҮБ-д Сирийг хариуцдаг тусгай элч Стаффан ди Мистура мэдэгдлээ. Өнгөрсөн даваа гаригт хүмүүнлэгийн тусламжийн цуваа агаарын довтолгоонд өртсөний дараа Сирийн газар нутаг дээр тусламж хүргэх ажил тодорхойгүй хугацаагаар зогсоод байсан юм. НҮБ болон Улаан хавирган сар байгууллагын Сири дахь салбар тусламж хүргэж явсан аж. Агаарын довтолгооны улмаас цуваанд явж байсан 31 ачааны тэрэгний 18 нь эвдэрч гэмтсэн байна. АНУ мэдэгдэж буйгаар, агаарын довтолгоо болох үед Оросын хоёр Су-24 бөмбөгдөгч онгоц агаарт үзэгдсэн аж. Харин Москва үүнийг няцааж, хүмүүнлэгийн тусламжийн цувааг бөмбөгдөөгүй хэмээн мэдэгдлээ. Тэрхүү довтолгоонд буруугүй гэдэг нотолгоог гаргаж өгөхөд бэлэн байгааг НҮБ дахь ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин Ерөнхий Ассамблейн чуулган дээр мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бүс нутаг дахь хямрал, хурцадмал байдлыг намжаахын тулд Сирийн хойд нутгаар ямар ч нислэг хийхгүй байхыг уриалжээ.

Дэлхийн банк 100 мянган ажлын байр бий болгоно

Европын холбоо, Дэлхийн банк хамтран цагаачдын давалгаанд нэрвэгдээд байгаа Эфиоп улсад 100 мянган ажлын байр бий болгоно хэмээн зарлалаа. Аж үйлдвэрийн хоёр цогцолбор барихад 500 сая доллар зарцуулна хэмээн тооцоолжээ. Аддис-Абебагийн Засгийн газар энэ төлөвлөгөөний эхний үе шатанд 30 мянган цагаачид ажиллах зөвшөөрөл өгөх ёстой болж байна. Эфиоп улсад хэрэгжүүлэх цаашдын төлөвлөгөөний талаар Нью-Йоркт болж буй НҮБ-ын чуулган дээр ярилцах ажээ. “Эфиопын загвар” амжилт олбол хөгжиж буй бусад орнуудад хэрэгжүүлэх болно хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй онцоллоо. Африкийн улс орнуудаас хамгийн их цагаач, дүрвэгч хүлээж авсан улс нь Эфиоп юм. Сүүлийн жилд тус улсад Өмнөд Судан, Эритрей, Сомалийн 700 мянга гаруй цагаач ирээд байна.

71 настай супермодель нууцаа дэлгэв

Түүнийг Ольга Кондрашова гэдэг, 71 настай. Тэрээр загвар өмсөж, үргэлж эрхэмсэг, тэгш гоолиг байдлаа хадгалж, загварын агентлагууд, шилдэг гэрэл зурагчдын анхаарлыг татсан хэвээр байна. Хамгийн сонирхолтой нь хатагтай Ольга Кондрашова тэтгэвэрт гарсныхаа дараа загварын ертөнцөд хөл тавьж залуу насныхаа мөрөөдлийг биелүүлж яваа аж. “Би бүжигт дуртай. Мөн хятад гимнастикаар хичээллэж амьдралын баяр баясгалан, сэтгэл ханамжаа олж авдаг. Өдий болтол ийм сайхан яваа нууц юу вэ гэж их асуудаг л даа. Үргэлж хөдөлгөөнтэй, идэвхтэй байхын хажуугаар айдас хүйдэсгүй амьдрах. Юунаас ч айхгүй байж, хайр энэрэл түгээж явбал хамгийн сайхан байдаг” хэмээн Ольга нууцаа дэлгэжээ. Зэн буюу хятад гимнастик сэтгэлийн амар амгалан, халуун хайр, энэрлийг өгдөг хэмээн тэрээр “РИА Новости”-д ярьсан байна. Ольга нүүр амаа будаж энгэсэгдэхээсээ илүү нүд нь айдас, түрэмгийллээр гэрэлтэж байна уу, үгүй гэдэгт санаагаа чилээдэг аж. “Сэтгэл амгалан байвал гоо сайхан өөрөө л гэрэлтдэг” хэмээн ярьжээ.

No comments:

Post a Comment