Wednesday, September 14, 2016



АНУ Бирмийн эсрэг хоригийг цуцлахад бэлэн

Бирмийн эсрэг 20 жилийн өмнөөс хэрэгжүүлж буй худалдааны хоригийг ойрын үед цуцлахад бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Тэрээр Вашингтон хотод Бирмийн Гадаад хэргийн сайд Аун Сан Су Читэй уулзахдаа ийнхүү онцолсон юм. Бирм улсад цэргийн дарангуйллын үе төгсгөл болсон тул тус улс хөнгөлөлттэй татвар болон бусад давуу талыг эзэмших ёстой хэмээн Цагаан ордны эзэн үзэж байна. Гэвч цэргийн дарангуйлагч нартай холбоотой компани, хувь хүмүүсийн “Хар жагсаалт”-ыг хэвээр үлдээх бололтой. “АР” агентлаг мэдээлж буйгаар, Аун Сан Су Чи АНУ-ын лидерт хандаж Бирмийн эдийн засагт хориг саад болж байгаа бүх хязгаарлалтыг цуцлахыг хүсчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний эв нэгдэл нам Бирмийн анхны ардчилсан, чөлөөт сонгуульд ялалт байгуулан юм.

Израильд 38 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлнэ

АНУ, Израилийн эрх баригчид цэргийн, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа хэмээн Reuters агентлаг уламжлав. Тухайлбал, АНУ 2018-2028 онд Израильд 38 тэрбум долларын цэрэг, техникийн тусламж үзүүлэхээр болжээ. Израиль улс жил бүр 3.3 тэрбум долларын тусламж, мөн пуужингаас эсэргүүцэн хамгаалах хэрэгцээндээ 500 сая сая доллар авах юм. Израилийн тал АНУ-ын зэвсэгт хүчний тав дахь үеийн F-35 байлдааны нисэх онгоцыг худалдан авах гэрээ байгуулсан байна.

Гал зогсоолтыг 48 цагаар уртасгах тохиролцоонд хүрлээ

ОХУ, АНУ-ын дипломат албаны тэргүүн Сергей Лавров, Жон Керри нар Сирид мөрдөгдөж буй гал зогсоолтыг 48 цагаар уртасгах тохиролцоонд хүрчээ. “Хэдийгээр гал зогсоох гэрээг аль аль талаас дангаараа зөрчиж байсан ч энэ тохиролцоог хангалттай сайн дагаж мөрдлөө” хэмээн АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Марк Тонер мэдэгдэв. С.Лавров Ж.Керри нар эвлэрлийн дэглэмийг үргэлжлүүлэх тохиролцоонд хүрснийг тэрээр онцолжээ. Сирийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхэд тайван, амгалан байдал хэрэгтэй байгаа аж.

Сирийн хүний эрхийн төвөөс мэдэгдэж буйгаар, есдүгээр сарын 12-ноос эхэлсэн 48 цагийн эвлэрэл, гал зогсоолтын үед нэг ч энгийн иргэн амь насаа алдаагүй байна. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун ОХУ, АНУ-д хандаж хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэн хүргэхийн тулд Сирийн сөргөлдөгч талуудад нөлөөлөхийг уриалжээ. 

No comments:

Post a Comment