Monday, September 12, 2016





Хойд Солонгосын үерт 100 гаруй хүн амиа алджээ

Хойд Солонгосын Хамгён-Пухто мужид үеэр буусны улмаас 130 орчим хүн амиа алдаад байна хэмээн НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн хорооноос мэдэгдэв. Пхеньяны албаны хүмүүс энэ тоо баримтыг дамжуулсан аж. Үерт 400 орчим хүн сураггүй болж, 100 мянга орчим хүн орон гэргүй болоод байна. Хойд Солонгосын хойд нутгаар хэд хоногийн турш ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, Туманган гол эргээсээ халин урсчээ. 100 гаруй км зам харгуй усанд автаж, тариалангийн ихээхэн хэмжээний талбай сүйрэв. Тус улсын эрх баригчид ард иргэд болон цэргийнхнийг дайчлан сүүлийн 70 жилд гараагүй гамшигт үерийн хохирлыг даван туулахаар ажиллаж байна.

Стан Вавринка US Open-д түрүүллээ

Швейцарийн теннисч Стан Вавринка Америкийн нээлттэй тэмцээнд (US Open) түрүүлж аваргын цом, дөрвөн сая долларын эзэн болов. Тэрээр аваргын төлөөх тулаанд дэлхийн тэргүүн теннисч, Сербийн Новак Жоковичийг 6:7 (1:7), 6:4, 7:5, 6:3 харьцаагаар хожжээ. 31 настай Вавринка ийнхүү “Их дуулга”-ын гурав дахь тэмцээндээ түрүүлж байна. Тэрээр 2014 онд Австралийн нээлттэй тэмцээн, 2015 онд Францын аварга шалгаруулах тэмцээнд (Roland Garros) түрүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Германы теннисч Анжелика Кербер түрүүлжээ.

Хорватад сонгууль болов

Хорватад болсон сонгуульд барууны төвийн үзэлтэй Хорватын ардчилсан нөхөрлөл нам ялалт байгуулсан мэдээ ирж байна. Хугацаанаас өмнөх парламентын сонгууль өнгөрсөн ням гаригт болсны дараа тус намын лидер Андрей Пленкович ялалт байгуулснаа зарлажээ. Урьдчилсан дүнгээр, Хорватын ардчилсан нөхөрлөл нам парламентын 151 суудлын 60-ыг авчээ. Тэдний гол өрсөлдөгч болох Ард түмний эвсэл 54 суудал авчээ. Ард түмний эвслийн гол цөмийг Социал-демократ нам бүрдүүлж байгаа аж. Либерал шинэчлэгч нам 12 суудал авч парламентад орох эрхтэй боллоо.

Элвис Преслийн охины эдлэн зургаан сая доллараар үнэлэгдэв

Рок-н-роллын хаан Элвис Преслийн ганц охин Лиза Мария Пресли Английн Зүүн Сассекс гүнлэг дахь тансаг зуслангаа дуудлага худалдаанд тавьжээ. 20 га талбай, 11 унтлагын өрөө, есөн угаалгын өрөө, кино театр, биллиардны өрөө, спортын танхим, усан сан, саунтай зуслангийн байшинг зургаан сая доллараар худалдах санаатай байна. Мөн тус зуслангийн эдлэн газарт зочдыг хүлээн авах задгай асар, таван автомашины байр, битүү дээвэртэй цэцэрлэг байдаг аж. Лиза Мария Пресли 2010 онд продюсер Майкл Локвудтай гэрлэхдээ Англид энэхүү зусланг худалдан авч байсан юм. Гэвч тэд энэ оны эхээр хоёр тийш болжээ.

Лиза Мария Пресли нь нэрт дуучин Элвис Пресли, түүний эхнэр Присцилла Булье Преслийн ганц охин нь билээ. Лиза дөрвөн ч удаа гэрлэж таван хүүхдийн ээж болжээ. Түүний экс нөхрүүдийн дотор попын хаан Майкл Жексон хүртэл байсан юм. 

No comments:

Post a Comment