Friday, August 30, 2013



“Anfield Road” шүтээнийг бүтээгч Билл Шэнкли

Хувцас солих өрөөнөөс талбай руу гарахаар шатаар явахад "This is Anfield" гэж бичсэн самбар байдаг. “Anfield”-д тоглохоор ирсэн “Ливерпуль” болон өрсөлдөгч багийн хөлбөмбөгчид ийнхүү хаана тоглох гэж буй, цэнгэлдэхэд ямар фэнүүд хүлээж байгааг санаж, мэдэрдэг юм. “Ливерпуль-ийг анх хөл дээр нь босгож, аугаа клуб болгож чадсан Билл Шэнкли хөлбөмбөгийн ариун талбай-шүтээн хөлбөмбөгчдийн дээр байх ёстойг хэн ч мартах учиргүй гэхдээ тэрхүү уриаг хадахыг тушаасан гэдэг. Клубын нэрний доор байгаа домгийн шувуутай бамбай тэрхүү ариун шүтээн болсон талбайг хамгаалж байдаг билээ. Гагцхүү Шэнкли л Копуудын багаа гэсэн сэтгэл зүрхийг шашин мэт ариун итгэл үнэмшил, үнэнч сэтгэл болгож чадсан юм. Тэрээр байхгүй болоод гурван арван өнгөрсөн ч Их Британид түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж дурссан хэвээр байна.
“Anfield Road-ын гадна ялалтыг билэгдэн гараа алдалж, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэгэн эрийн хөшөө бий. Түүний хөл доор "He made the people happy" гэж бичсэнийг уншиж болно. Билл Шэнкли хөлбөмбөгийн клубынхээ хувьд мартагдаж “алга болоод” байсан “Ливерпуль”-ийг ангалаас татан гаргаж, дэлхийн хамгийн том, чухал клубын нэг болгох анхны үрийг нь цацсанаараа дүр төрхөө мөнхөлж чадсан юм. Хөлбөмбөг бол түүний хувьд амьдрал, эсвэл үхэл ч бус, харин түүнээс хавьгүй чанадах зүйл байлаа. Тэрээр энэ л агуу итгэл, сэтгэлээрээ 1959 онд “Ливерпуль-д ирснээсээ хойш тус клубын хувь заяаг эргүүлж эхэлсэн юм.
Тэрээр товч бөгөөд тодорхой, хатуу, зарчимч арга барилтай дасгалжуулагч байсан. Цөөн үгтэй, эрмэлзэл ихтэй. Түүний хөндий, зэвүүн ч гэмээр зан байдал хэцүү, тарчиг амьдралд өссөн хүүхэд настай нь холбоотой байж болох. Глазгогоос өмнө зүгт орших Гленбук хэмээх Шотландын жижигхэн тосгонд мэндэлсэн Билл хөвгүүн 14 насандаа сургуулиа хаяж нүүрсний уурхайд ажилчнаар оржээ. Ажлын завсарлагаар хөлбөмбөг тоглон бараан амьдралаа түр ч атугай мартагнаж байхдаа “Хөлбөмбөг надад илүү тухтай амьдралыг өгөх юм байна” гэдгийг ойлгосноор хөлбөмбөгийн хүн болох эхлэл нь тавигдсан гэдэг. Түүний арван ах дүүгийн тав нь хөлбөмбөгтэй амьдралаа холбосон юм.
Билл Шэнкли дайны үед тоглогчийн хувиар хэд хэдэн багт хүчин зүтгэж амжсаны дотор “Ливерпуль” байсан. Дараа нь “Ливерпуль”-ийг удирдаж (1959–1974) гайхамшигтай амжилт үзүүлж Британи даяар төдийгүй дэлхийд цуурайтаж явахад Эмилин Хюьз, Жон Тошак, Кевин Киган, Рей Клеменс нар багийн гол амин сүнс нь байсан билээ. Одоогийн дасгалжуулагч King Kenny 1977 онд нутгийн ах Билл Шэнклигийн (Кенни Далглиш бас шотланд үндэстэн) босгосон агуу багт тоглогчоор ирж, тус багийн түүхэн амжилтын буухианы хоёрдугаар хуудсыг нээсэн юм.
“Carlisle United”, “Preston North End”, болон “Northampton Town”, “Liverpool”, “Arsenal”, “Cardiff City”, “Bolton Wanderers”, “Luton Town”, “Partick Thistle”, ”King's Park” тоглоод амжсан Шэнкли бөмбөг эзэмшилт, техник сайтай, зоригтой тоглогч байсан. Даруухан багуудад тоглож байсан ч Шотландын шигшээд багтаж хэд хэдэн тоглолтод оролцжээ. Билл Шэнклигийн ид гялалзах ёстой хамаг залуу нас нь дэлхийн II дайны үед өнгөрсөн юм. Дэлхийн II дайнд чухал үүрэгтэй оролцож байсан Их Британи хөлбөмбөгийн уралдаан тэмцээнээ хаахаас өөр аргагүй болсон билээ. Тэгээгүй бол Шэнкли тоглогчийнхоо хувьд цойлж гарах нэгэн байсан гэдгийг мэргэжилтнүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Багт, багийн тоглолтод нөлөөлөх онцгой авьяас чадвар нь анхнаасаа л харагддаг байжээ. Тухайн үед Шэнклийг таньж, мэддэг байсан хүмүүс түүнийг гайхалтай сайн дасгалжуулагч болно гэдгийг түвэггүй зөгнөн хэлдэг байсан гэдэг.
Дасгалжуулагчаар ажиллах анхны боломж 1949 онд гарч ирж, хамгийн сүүлд тоглож байсан “Карлайл” багаа удирдан тоглолтод оролцуулах болов. Дараа нь “Гримсли Таун” (1951-54), тэгээд “Хаддерсфилд Таун”-ыг (1956-59) дасгалжууллаа. Энэ хоёрын алинтай нь ч хоёрдугаар лигийн 12-р байрнаас дээшээ гарч чадаагүй юм. Гэсэн хэдий ч шийдвэр гаргах, нөлөөтэй дуугарах, шинэ авьяаслаг тоглогчдыг зоригтой гаргаж ирэх тал дээр бүхний хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв.
1959 оны арваннэгдүгээр сарын нэгэн орой Билл Шэнкли нэгэн тоглолт дуусгаад гарч ирэхэд түүнийг хоёр хүн хүлээж байлаа. Тэд бол “Ливерпуль” клубын эзэн, спортын албаны дарга Том Уильямс, Харри Латэм нар байсан юм. “Та Английн шилдэг багийг дасгалжуулахдаа дуртай байхсан болов уу?” гэж тэд Шэнклигээс асуухад тэрээр “Яагаад үгүй гэж?” хэмээн хариулсан гэдэг.
Амжилт шууд л ирлээ. Б.Шэнкли “Ливерпуль”-д ирсэн анхныхаа жилд багаа First Division(одоогийн Premier League) буцааж авчирчээ. Залгуулаад лигийн гурав, FA Cup-ийн хоёр, UEFA-гийн нэг түрүү авлаа. Мерсисайдын агуу клубын үндэс суурь нь хөлнөөс хөлний хооронд эргэлдэх passing game-ийн сэтгэл татам тоглолт дээр сууж өгсөн юм. “Ливерпуль” ийнхүү олон түрүүтэй болсноор Шэнклигийн үг жаахан дээрэнгүй, тэр тусмаа хөршөө даапаалах маягтай болсон гэдэг. “Надад хийх юм байхгүй бол би “Эвертон” хүснэгтийн доор хэрхэн явж байгааг хардаг” хэмээн хэлдэг байв.
1974 онд дасгалжуулагчийн ажлаа орхив. Энэ нь түүний амьдралын хамгийн том алдаа байсныг тэрээр дараа нь хүлээн зөвшөөрсөн юм. Шэнкли “Ливерпуль”-ээс явахдаа ямар нэг хүндэт албан тушаалтай байж, багтайгаа холбоотой байна гэж боджээ. Гэвч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ болж, копуудын хайрыг хязгааргүйгээр татдаг түүнийг клубын эзэд “Яах нь вэ” гэж хардсан аж. Шэнкли “чөлөөнд гарсан” эхнийхээ жилдээ багийнхаа бэлтгэлийг байнга очиж хардаг байлаа. Тэр үед бэлтгэлийг хэний ч өмнө хаалгаа нээлттэй хийдэг байсан. Гэвч хуучин дасгалжуулагчийн ирэлт шинэ дасгалжуулагч Боб Пейслиг “сүүдэртүүлэх” болсон тул Пейсли түүнийг бэлтгэл дээр дахиж ирэхгүй байхыг хүсчээ. “Энэ бол миний баг, надад хийх шинэ зүйл байна” хэмээн Боб Пейсли учирласан байна.
Аугаа Шэнкли 1981 оны есдүгээр сарын 29-нд хорвоог орхижээ. Архаг тамхичин байсан нь түүний зүрхийг муутгаж орхисон юм. Түүний үхэл Ливерпуль хотыг тэр чигт нь долгилуулж, хөлбөмбөгийн сэтгэл хөдөлгөм гэрээслэлийг үлдээсэн билээ. “Ливерпуль” клубыг ивээн тэтгэгч Carlsberg компани 1997 онд Копуудад зориулж домогт дасгалжуулагч Билл Шэнклигийн хүрэл хөшөөг “Anfield” цэнгэлдэхийн гадаа босгосон юм. Гараа алдлан инээмсэглэх Шэнкли “Ливерпуль” клуб болон үнэнч копуудыг үргэлж ялалт, амжилтад уриалж байдаг билээ.

Б.Нямдорж       
    

No comments:

Post a Comment