Wednesday, August 28, 2013




Бразилийн есөн муж гэрэлгүй болов

Бразилийн цахилгаан түгээх сүлжээнд доголдол гарч Баия, Пернамбуку, Параиба зэрэг найман муж гэрэл, цахилгаангүй болжээ. Доголдлын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд Үндэсний эрчим хүчний компани байдлыг хэвийн болгохоор ажиллаж байна.
Ирэх онд Бразилд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтаж 12 том хотод цахилгааны хязгаарлалт хийх болсон юм. Гэвч энэ удаа томоохон осол гарч нийтээрээ гэрэлгүй болжээ. Хэдэн арван сая иргэн олон цагаар гэрэл, цахилгаангүй хоцорчээ. Өмнө нь хоёр удаа бараг  улс орон даяар цахилгаан тасарч байжээ.

Ижил хүйстнүүд Coca-Cola-г эсэргүүцэв

Нью-Йоркийн Таймс-сквер талбайд Олон улсын олимпийн хороо болон Сочигийн (ОХУ) өвлийн олимпийн тоглолтыг ивээн тэтгэж байгаа Coca-Cola ундааг уухгүй байхыг уриалсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Тэд “Coca-Cola, үзэн ядалтын ивээн тэтгэгч бүү болооч”, “Coca-Cola, Оросын ижил хүйстнүүдийг дэмжээч” гэсэн уриа барьжээ. Жагсаалд Америкийн ижил хүйстнүүдийн хэдэн зуун төлөөлөгч оролцсон байна. ОХУ ижил хүйстнүүдийн эрхийг үл хүлээн зөвшөөрч, гадуурхсан бодлого баримталж байгааг тэд эсэргүүцэж байгаа аж.

АНУ-ын армийн хошууч цаазын ял сонсов

АНУ-ын шүүх Форт-Худ цэргийн баазад 13 хүнийг буудан аминд нь хүрсэн зэвсэгт хүчний хошууч Малик Хасанд цаазаар авах ял оноолоо. Хасаныг 13 аллага болон өөр 32 зүйл ангиар буруутган ялын дээд хэмжээ оноох шийдвэр гаргажээ. Цэргийн сэтгэцийн эмч, хошууч Малик Хасан 2009 онд Техас дахь Форт-Худ цэргийн бааз дээр хамтран зүтгэгч 13 албан хаагчийг буудаж хөнөөсөн юм.

Япончууд 120 м суши ороожээ

Токиод жил бүр болдог зуны фестивалийн үеэр олон мянган хүн Гиннесийн аварга амжилтын номд орох гавъяатай урт сушинаас амсахаар цугларчээ. Суши бэлтгэдэг 20 гаруй тогооч 120 м урт суши бэлтгэж фестивалийн зочдыг дайлсан байна. Сайн дурын хүүхдүүд тогооч нарт тусалжээ. Зочид Японы уламжлалт зоогноос тун амтархан хүртэж, аьарга амжилтын нэг хэсэг болсондоо тун баяртай байжээ.

Автобусны жолооч нар загалмайд цовдлуулав

Парагвайн автобусны компанийн найман жолооч хууль бус цомхотголыг эсэргүүцэн 20 хоногийн турш загалмайд цовдлуулсан хэвээр байна. Энэхүү ер бусын эсэргүүцлийн ажиллагаа Асунсьон хотоос холгүй орших нэгэн жижигхэн хотод болж байгаа аж. Жолооч нар дахин ажилдаа орохоос нааш эсэргүүцлээ зогсоохгүй хэмээн мэдэгдэж байна. Автобусны компанийн захирал таван жолоочийг л ажилд нь буцааж авна хэмээн мэдэгджээ. Жолооч нар илүү цагийн мөнгө нэхэж, даатгал, тэтгэврийн хураамжийг нөхөн төлөхийг шаардаад ажлаасаа халагдсан аж. 

No comments:

Post a Comment