Wednesday, August 28, 2013

Арын нүүрний цонх шүү.... !!!!!!!!!!!!!!!



“Хогны их нь тандаа” буюу овоог “шүтэн завааруулах” солиорол

Монголчууд хамгийн өндөр уулынхаа орой, өндөр даваа болон ариун дагшин газартаа овоо босгож хүндэтгэдэг билээ. Овоон дээр ирсэн хүн чулуу өргөн нэмэрлэж “Овооны их нь тандаа, олзны их нь наддаа” хэмээн хэлдэгсэн. Тэгвэл одоо “Хог, цаасны их нь тандаа” гэж байгаа мэт баахан мөнгөн дэвсгэрт орхиж, хадаг яндар, хийморийн туг гээчийг зүүж овоог завааруулан, гутаах болов. Энэ одоо бас хаанахын ёс гараад ирсэн юм бол..? Уул шугамандаа, овоонд зөвхөн чулуу өргөх учиртай биш билүү?
Харин одоо замбараагаа алдаж элдэв өнгийн даавуу, идээ будаа, таяг, бүр улсын мөнгөн дэвсгэртийг хүртэл тэнд хөсөр орхин завааруулах болжээ. Ухаандаа “Овоо таныгаа хүндэтгэж улсынхаа мөнгөн дэвсгэрт, үнэт цаасыг өргөе” гэж байгаа юм байлгүй, хөөрхий... Гэтэл ачир дээрээ улсын үнэт мөнгөн дэвсгэртийг зүгээр л ямар ч хэрэггүй хог, цаас болгон хувиргаж, уул овоогоо бохирдуулж байгаагаа мэддэг болов уу. Овоонд тавьсан мөнгө гандаж гундан, хийсэн хог болж байна. Хадаг яндар, хийморийн туг ч ялгаагүй. Нөгөө сэтгэлгээний гажуудал, тархины тураал гэдэг л энэ байх даа. Энэ гажуудал арилтал монголчууд дахин хэдэн зууныг туулах юм байгаа юм... Лав нэг зуун өнгөрөхөд арилахгүй биз.
... Хөвсгөлийн нэг уулын оройд гарч овоог нь тойрон нөмөрт нь суулаа. Гэтэл чулуун дор 500 төгрөг хавчуулан “өргөсөн” байв. Ил гарсан хэсэг нь нар, салхинд гундан өнгөө алджээ. Түүнийг сугалан авч халааслаад уулнаас бууж явахдаа нэгэн мухлагаар орж жигнэмэг худалдаж авлаа. Хүмүүс овоон дээр тавьсан мөнгө төгрөг авахдаа их л эвгүйцдэг гэсэн, айгаад авдаг ч үгүй байх. Харин би вээр элдэв юм бодсон ч үгүй, улсын үнэт цаас ямар ч хэрэггүй цаас болж байгаль бохирдуулах ёсгүй гэж үзээд авсан. Хэрвээ тэрхүү 500 төгрөгийн дэвсгэрт үг хэлдэг бол “Байгаль бохирдуулалгүй, намайг хог цаас болголгүй, эргэлтэнд минь буцааж оруулж өгсөнд баярлалаа” гэж хэлэх байсанд би л лав итгэж байна.  


О.Чүнчиг    

No comments:

Post a Comment