Tuesday, August 6, 2013

Мэдээ..






Тэнэмэл хүмүүст үнэгүй онгоцны билет санал болгож байна

Хавайн арлын эрх баригчид орон гэргүй, тэнэмэл хүмүүст эх газар руу хүрэх үнэгүй онгоцны билетийг санал болгож байна. Амралт, сувиллаараа алдартай Америкийн энэхүү муж ийм аргаар орон гэргүй хүмүүсийнхээ тоог багасгахаар шийджээ. Хавайд орон сууц үнэтэй, цалин бага тул толгой хоргодох газаргүй болсон олон мянган иргэн гудамж, далайн эрэг дээр майхан барин амьдрах болжээ. Одоогоор Хавай арал дээр орон гэргүй 7500 орчим хүн байгаа аж. Зарим нь хэсэг хэсгээрээ нийлэн гадаа тосгон маягийн юм үүсгэн амьдрах болсон байна. Энэ нь газар авсаар диваажингийн арал нь ядуусын том том хороололтой Рио-де-Жанейро хот шиг болох вий хэмээн Хавайн эрх баригчид болгоомжилж байна. Америк эх газарт орон сууц үнэтэй, ажил амар олдохгүй, цаг агаар нь илүү хахир хүйтэн тул тийшээ дуртай явах хүн олдох эсэх нь эргэлзээтэй байна.

М.Шарапова хамгийн баян эмэгтэй тамирчин

Оросын теннисч Мария Шарапова дэлхийн хамгийн баян эмэгтэй тамирчин болсныг “Форбс” сэтгүүл зарлалаа. Тэрээр 29 сая долларын хөрөнгө тоолуулснаар теннисийн талбай дээрх мөнхийн өрсөлдөгч Серена Уильямсийг гүйцсэн байна. Америк бүсгүй 20.5 сая долларын орлогоор ард нь бичигджээ. Шарапова орлогынхоо дийлэнхийг (23 сая доллар) ивээн тэтгэгчидтэй хийсэн гэрээ хэлцлээс олж байна. “Форбс”-ийн тооцоолсноор, орос бүсгүй спортынхоо замналын туршид нийт 180 сая долларыг ивээн тэтгэгчдээсээ авчээ. Харин тэмцээн, уралдаанаас авсан шагнал нь 27 сая доллар болж байгаа аж. Хамгийн баян эмэгтэй тамирчдын эхний тавд Хятадын теннисч Ли На (18.2 сая), Белорусийн теннисч Викториа Азаренко (15.7 сая), Америкийн авто уралдаанч Даника Патрик (15 сая) нар багтлаа.
Хамгийн баян эрэгтэй тамирчдын жагсаалтыг гольфчин Тайгер Вудс тэргүүлэв. Түүний хөрөнгө 78.1 сая доллараар үнэлэгдэж байна. Үүний 65 саяыг нь реклам, сурталчилгаанаас олжээ. Араас нь теннисч Роже Федерер (71.5 сая), сагсан бөмбөгч Коби Брайант (61.9 сая), сагсчин Леброн Жеймс (59.8 сая), америк хөлбөмбөгийн тамирчин Дрю Брис (51 сая) нар жагслаа.

Ханхүү Уильям: Зөвхөн живх л бодогдож байна

Британийн ханхүү Уильям эцэг болсноор амьдралд нь ихээхэн өөрчлөлт гарчээ. Тэрээр хүүтэй болсноосоо хойш анх удаа олон нийтийн өмнө гарахдаа морин поло тогложээ. Хандивын тоглолтод оролцсон тэрээр “Үнэнийг хэлэхэд энэ полог яаж тоглох вэ гэж бодогдсонгүй. Одоо хариад хүүгээ яаж харах вэ, живхийг нь хэзээ солих вэ л гэж бодогдож байна” хэмээн ярилаа. Уильям, Кейт Мидллтон нар Британийн ирээдүйн хаанд Жорж хэмээх нэр хайрласан бөгөөд саяхан Иргэний бүртгэл дээр очиж нэрийг нь баталгаажуулж гэрчилгээг нь авчээ.

Венесуэльд сөрөг хүчний улстөрчийг хөнөөв

Венесуэлийн Баринас мужийн парламентын гишүүний зөвлөх Пабло Ускатегийг нэгэн этгээд гар буугаар буудан амийг нь хөнөөжээ. Мотоцикл хөлөглөсөн алуурчин Ускатегийг автомашинтай явж байхад нь гурав буудаад зугтаж алга болжээ. Улстөрчийн эхнэр машинтайгаа ард нь явж байгаад бүгдийг харсан аж. Гэмт хэрэгтэн улстөрчийн ямар нэг юмыг нь аваагүй, буудчихаад шууд зугтсан тул үүнийг улс төрийн аллага хэмээн үзэж байна.
Пабло Ускатеги нь барууны төвийн үзэлтэй сөрөг хүчний Proyecto Venezuela намын гишүүн юм. Тус нам 2010 оны парламентын сонгуульд 3.4 хувийн санал авч байв. Венесуэль улс хүн амины хэргээр дэлхийд тавд ордог. Тус улсын 100 мянган иргэн тутамд 55 хүч хэрэглэсэн аллага ногддог ажээ.

Ираны шинэ Ерөнхийлөгч цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхээ тунхаглав

Иран улс энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, уран баяжуулалтаа үргэлжлүүлэх эрхтэй хэмээн шинэ Ерөнхийлөгч Хасан Рохани мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Тегераны Засгийн газар өрнөдийн улс орнуудтай яриа хэлэлцээгээ цаг алдалгүй хийхэд бэлэн байгаа хэмээн онцолжээ. Дэлхий нийтийн хардалт, болгоомжлол ойрын хугацаанд алга болно гэдэгт Рохани итгэлтэй байна.
“Бид бодит байр сууринаас энэ асуудалд хандах ёстой. Учир зүй, олон улсын эрхэд харшлах шаардлагыг нухацтай авч үзэх хэрэггүй. Асуудлыг шийдэх гол үндэс нь заналхийлэл биш, зөвхөн яриа хэлэлцээ юм” хэмээн Ираны лидер хэллээ. 64 настай Хасан Рохани дипломат албаны арвин туршлагатай, аядуу үзэлтэй либерал улстөрч юм.

Б.Обама ОХУ-д “Их-20”-ийн уулзалтад очно

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх есдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох “Их-20”-ийн уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр энэ уулзалтад оролцоно гэдгээ батлан хэлээд Үндэсний тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноуденд орогнол олгосон ОХУ-ын шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн Цагаан ордны тэргүүн Оросын эрх баригчдыг “Хүйтэн дайны үеийн уур амьсгал руу гулсаж орохын ирмэг дээр байна” хэмээн үзэж буйгаа хэлжээ.

Лалын сүмийн өмнө үнсэлцээд шоронд оров

Арабын нэгдсэн эмират улсын нийслэл Дубай хотод лалын сүмийн өмнө үнсэлцсэн хосыг шоронд хорих ялаар шийтгэжээ. “Ёс бус үйлдэл” гаргасан эрэгтэй, эмэгтэй хоёрыг нэг сар хорих ялаар шийтгэсэн тухай “Аль-Арабия” телевиз мэдээлэв. Тэд лалын сүмийн өмнө байрлуулсан автомашин дотроо үнсэлцсэн бололтой. Үүнийг харсан нэгэн иргэн цагдаад мэдэгдсэнээр хос шүүхэд шилжиж, ийнхүү шийтгүүлжээ. 

No comments:

Post a Comment