Э.Сноуден нууц баримтыг “The Guardian”-ы сэтгүүлчид өгчээ
Их Британийн “The Guardian” сонины сэтгүүлч Гленн Гринвальд “Миний гарт АНУ-ын Засгийн газрын 20
мянга орчим нууц баримт бичиг байна. Үүнийг Америкийн Үндэсний тагнуулын газрын
экс ажилтан Эдвард Сноуден надад өгсөн” хэмээн мэдэгджээ. Бразилд амьдарч
байгаа Гринвальд Бразилийн Сенатын олон улсын харилцаа эрхэлсэн комисс дээр энэ
мэдэгдлийг хийсэн ч нууц баримт материал нь юуны тухай болохыг задалсангүй.
АНУ-ын Үндэсний тагнуулын газрын үйл ажиллагааны талаарх Эдвард
Сноудений задруулсан нууц сонин хэвлэлд гарсны дараа сэтгүүлч Г.Гринвальдийг
дэлхий нийт мэдэх болсон юм. Гагцхүү “The Guardian” сонин АНУ-ын Засгийн газрын нууц баримт материалыг анх нийтэлж байсан
билээ. Эдгээр нууц материалыг Сноуден дамжуулж өгсөн хэмээн Гриньвальд анх ам
нээж байжээ.
Дамшрамд сонирхуулахад, эрх чөлөөтэй болж Москвагийн Шереметьево
нисэх буудлыг орхисон Эдвард Сноуденд ОХУ-ын Холбооны зөвлөлөөс хамтран ажиллах
санал иржээ. Орос иргэдийн хувийн мэдээлэл алдагдаж буй хэргийн мөрдөн шалгалт
дээр хамтран ажиллаж болно гэсэн аж. Гэвч Сноуден үүнд ямар нэг хариу өгөөгүй
байна. АНУ-ын Үндэсний тагнуулын газрын экс програмист Москвагийн нисэх буудлыг
орхин гарсныхаа дараа “Түр боловч эрх чөлөөтэй болсондоо баяртай байна. Надад
ажлын болон гэрлэх санал тавьж байсан орос бүсгүйчүүдэд талархлаа. Гэвч би
Америкт орхисон америк найз бүсгүйдээ хайртай. Тэр маань мөдхөн Орост орж бид уулзах
болно” хэмээн ярьжээ. Сноудений эцэг Орост ирж хүүтэйгээ уулзахаар АНУ дахь
ОХУ-ын элчингээс виз авсан тухай мэдээлж байна. Мөдхөн найз бүсгүй нь Оросын
виз хүсэх гэж байгааг эх сурвалжууд уламжиллаа. Аль улс руу зорчих нь хүний эрх
тул АНУ-ын эрх баригчид Сноудений найз бүсгүйд хориг тавих эрхгүй ажээ.
No comments:
Post a Comment