Amazon-ийг
үндэслэгч Washington Post-ийг
худалдаж авна
Amazon.com интернэт
дэлгүүрийг үндэслэгч, удирдагч Жефф Безос алдарт Washington Post сониныг 250 сая доллараар худалдаж
авахаар болжээ. Харин энэ наймааг хийхэд Amazon
компаниас мөнгө гараагүй, Безос хувийн хөрөнгөөрөө худалдан авч байгаа аж.
Тэрээр хоёр сарын дараа тус сонины цорын ганц эзэмшигч болсны дараа энэ наймаа
хийгдэж дуусах юм.
Washington
Post нь Америкийн хамгийн алдартай сонинуудын нэг бөгөөд өдөрт 474 мянга, ням
гаригийн дугаар нь 838 мянган хувиар хэвлэгдэн гардаг ажээ. Тус сонины сэтгүүлчид
Пулитцерийн шагналыг 47 удаа авч байв. Жефф Безос нь 25.2 тэрбум долларын
хөрөнгөтэй, “Форбс”-ын дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 19-д бичигддэг аж.
Кокаин наймаалагч 25 жилийн ял
сонсчээ
АНУ-ын шүүх Колумб улсаас кокаин
оруулдаг мафийг удирдаж байсан Фернандо Бордад 25 жилийн ял оноолоо. 49 настай
Бордагийн гэмт хэргийн бүлэглэл АНУ-ын нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний хар тамхи
нийлүүлдэг байжээ. Тэд хар тамхины наймаанаас олсон мөнгөөрөө хэт үндсэрхэг “Колумбын
нэгдсэн хамгаалах хүчин” бүлгийг дэмжин тэтгэдэг байсан юм. Тус бүлгийг АНУ
террорист байгууллага хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Борда хоригдох ялаас
гадна 6.5 сая долларын торгууль төлөх, мөн шоронгоос гарсны дараа цагдаагийн
хяналтад арван жил турш байх ёстой. Тэрээр 2008 онд Колумбид баривчлагдаж,
дараа нь АНУ шилжүүлж авчээ.
Талибууд Кабулын эрх баригчидтай
нууц хэлэлцээ хийж байна
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид
Афганистаны Засгийн газартай нууц хэлэлцээ хийж эхэллээ хэмээн “АР” агентлаг
уламжлав. Одоогоор уулзалт албан бус түвшинд өрнөж байгаа аж. Өнгөрсөн сард хоёр
талын өндөр албаны төлөөлөгчид Дубай хотод уулзаж санал зөрөлдөөнөө арилгах,
дараагийн албан ёсны уулзалтад бэлтгэх талаар ярилцсан байна. Сөргөлдөгч талууд
энхийн үйл явцыг түргэтгэх сонирхолтой байгааг дээрх хэлэлцээ баталж байгаа юм.
Хэлэлцээний гол зорилго нь Афганистанд 12 жил үргэлжилж буй дайныг зогсоох
явдал ажээ.
Сирийн сөрөг хүчин нисэх буудлыг
эзэлжээ
Сирийн сөрөн хүчний дайчид Туркийн
хил орчимд байдаг нисэх онгоцны буудлыг эзлэн авчээ. Тус нисэх буудал нь Алеппо
болон Туркийн Газиантел хотын дунд байдаг бөгөөд сөрөг хүчнийхэн найман сарын
дайралтын дараа эзлэн авч бүрэн хяналтдаа орууллаа.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг
дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоорондох дайн 2011 оны хавар эхэлсэн юм. Тэр
цагаас хойш 100 мянга гаруй хүн дайнд амиа алдаж, хэдэн сая хүн эх орноо орхин
дүрвэжээ.
150 жилийн өмнө нуусан 10 тн алтыг
хайж байна
Парагвайд 150 жилийн өмнө нуусан 10
тн алтыг эрж хайх ажил эрчимтэй явагдаж байна. Нийслэл Асунсион хотын зах
орчмоор хайгуулыг хийж байгаа бөгөөд илрүүлэхэд ойртсон тухай хэвлэлүүд мэдээлж
байна. Бразил, Аргентин, Уругвай улсаас бүрдсэн холбоотнууд Парагвайн эсрэг
тулалдсан дайны үеэр Парагвайн үндэсний баатар Франсиско Солано Лопесийн нуусан
алтыг ийнхүү хайж байгаа юм.
Хайгуулчид алтны мөрийг илрүүлсэн ч
газар дор цугласан усны улмаас алтанд хүрч чадахгүй байгаа аж. Алт газар дор 30
метрийн гүнд байгаа бололтой. 2013 оны байдлаар Парагвайн алтан хадгаламжийн
нөөц 8.2 тн байна.
No comments:
Post a Comment