“Хар хунгууд” буюу дэлхийн эдийн засагт заналхийлж буй
аюул
XVII зуунд Австралид хар өнгөтэй хун илрүүлснээр хун
бүхэн цагаан өнгөтэй гэдэг үзэл бодол дээр тулгуурлаж байсан Европын амьтны
аймгийн ангилал, төрөл зүйлд хувьсгал, томоохон өөрчлөлт гарчээ. Тэр цагаас
хойш дэлхийн түүхэнд өөрчлөлт авчирч болох аюул, эрсдэлийг “Хар хун” хэмээн
нэрлэх болсон юм. ВВС агентлаг Bloomberg-ийн шинжээч, эдийн
засагчдын таамаглал дээр үндэслэн 2016 онд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж
магадгүй “Таван хар хун”-г илрүүлжээ.
1.“Исламын улс” бүлгийн нефтийн байгууламжийн эсрэг
халдлага
Иракийн хамгийн чухал нефть дамжуулах хоолой “Исламын улс”
бүлгийн халдлагад өртвөл юу болох вэ? Тэгвэл дэлхий нийт өдөрт 3.5 сая баррель
нефтиэ алдана гэсэн үг. Bloomberg-ийн 119 шинжээчийн ихэнх нь иймэрхүү өрнөлийг
хамгийн их магадлалтай “Хар хун”-гаар тодруулжээ. Энэ тохиолдолд нэг баррель
нефтийн үнэ хэдхэн долоо хоногийн дотор 100 долларыг давж, дэлхийн хэврэг эдийн
засагт маш хүчтэй цохилт өгнө хэмээн үзжээ. “Нэг баррель нефть 100 доллар
болвол дэлхийн эдийн засаг шингээж дийлэхгүй нурж унана” хэмээн онцолсон байна.
2.Их Британи Европын холбооноос гарах
Их Британи 2017 оны сүүлчээр Европын холбооноос гарах
эсэх санал асуулга явуулахаар болсон. Гэвч Дэвид Кэмероны Засгийн газар санал
асуулгыг наашлуулж, энэ онд хийж магадгүй байна. Урьдчилсан таамаглалаар,
Европын холбоонд үлдэнэ гэсэн санал үл ялиг давамгайлна гэж байгаа. Гэвч британичууд
гарна гэсэн санал өгвөл яах вэ?
Цагаачлал, евро бүсийн хямрал зэргээс болж эдийн засаг,
улс төрийн гүнзгий хямралд нэрвэгдээд байгаа Европын холбоо 28 гишүүнтэй.
Тэдний нэг болох Их Британи нь дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг юм. Их
Британи Европын холбоог орхивол улмаар тус холбоо задрах аюул нүүрлэж, эдийн
засгийн хямрал улам гүнзгийрэх нь гарцаагүй ажээ.
3.Санхүүгийн системийн эсрэг кибер довтолгоо
Төр улс, эдийн засгийн үйл ажиллагаанд шинэ технологи,
компьютер гол үүрэг гүйцэтгэж байна. Шинэ технологи, систем нь кибер довтолгоог
тэсч гарч чадах уу? Худалдаа, арилжааны бирж, банкны данс, тооцоо, эрчим хүчний
үйлдвэрүүд кибер довтолгооны бай болох магадлалтай юм. Энэ тохиолдолд том
компаниудын хувцааны үнэ эрс унаж, санхүүгийн хямрал улам гүнзгийрэх аюултай.
4.Дэлхийн улс төр дахь өөрчлөлт
Энэ онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ардчилсан
намаас Хиллари Клинтон өрсөлдөх нь бараг тодорхой бол, Бүгд найрамдах намаас
хэд хэдэн улстөрч дэвшиж байгаагаас Дональд Трамп гарч ирж магадгүй хэмээн
цөөнгүй хүн үзэж байна. Дональд Трамп бүх таамаглалыг эвдэж АНУ-ын Ерөнхийлөгч
болвол яах вэ? Европын холбоог чирч яваа Германы канцлер Ангела Меркель эрх
мэдлээс буувал юу болох вэ? Германы Кельн хотод цагаач, дүрвэгч нар
эмэгтэйчүүдийг довтолж, янз бүрийн хэрэг өдөөсний дараа тус улс дүрвэгсдэд
таагүй хандаж, энэ талаарх бодлогоо эргэн харж магадгүй болоод байна. Трамп
гарч ирвэл АНУ-д гадаад бодлогод эрс өөрчлөлт гарна хэмээн үзэж байгаа аж. Энэ
бүгд дэлхийн эдийн засагт “зохих” нөлөөгөө үзүүлнэ хэмээн тооцоолжээ.
5.Байгалийн гамшиг, тахал
Байгалийн гамшиг, олныг хамарсан өвчин, тахал дэлхийн
эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулж болзошгүй юм. Гэхдээ эдгээрийг урьдчилан
таамаглахад хамгийн хэцүү. Африкт Эбола тахал дэгдэж, нэг хэсэг дэлхий нийтийг
түгшээж байсан нь зөвхөн нэг жишээ. Газар хөдлөлт, цунами гээд байгалийн
гэнэтийн аюул эдийн засагт муугаар нөлөөлөх нь гарцаагүй ажээ.
No comments:
Post a Comment