Monday, January 11, 2016



Мексикийн мафийн толгойлогч Эль Чапо Гусман: Хар тамхи устаж, алга болно гэж байхгүй

Мексикийн төдийгүй дэлхийн хамгийн том, хамгийн ашигтай хар тамхины мафийн толгойлогч Эль Чапо Гусман шоронгоос оргоод зургаан сар зугтсаны эцэст саяхан баривчлагдсан билээ. Америкийн жүжигчин Шон Пенн Мексикийн алдартай жүжигчин Кейт дель Кастильогоор зуучлуулан ЭльЧапотой уулзаж The Rolling Stones сэтгүүлд зориулан ярилцлага авч байсан юм. Энэ ярилцлагын хэсгээс хүргэе.

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Зургаан настай байхаасаа л санадаг юм, манайх маш ядуу айл байсан. Ээж минь гэр бүлээ тэжээх гэж талх барьдаг байсныг сайн мэддэг. Би тэр талхыг нь зарна, бас ундаа, чихэр зардаг байлаа. Ээж минь маш их ажилладаг байсан. Би өвөө, эмээгийнхээ хэдэн малыг хариулж, түлээ хагалдаг байлаа.

-Яаж яваад хар тамхины бизнест орчихов?

-15 наснаасаа хойш Бадирагуато мужийн Ла Туна гэдэг эдлэн дээр байлаа. Тэнд ажил төрөл гээд байх зүйл олддоггүй байсан. Мөнгөтэй болж, хоол хүнс худалдаж авах ганц арга нь намуу цэцэг, марихуан тарих байсан. Би 15 наснаасаа эдгээр ургамлыг тарьж, худалдах болсон. Ингээд л энэ ертөнц рүү яваад орчихсон. 18 насандаа Кульякан, дараа нь Гуадалахара мужид очсон. Бурхны авралаар ээж минь Ла Туна дахь эдлэндээ амьд сэрүүн байж байна.

-Тэр цагаас хойш танай гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

-Сайжирсан. Миний хүүхдүүд, ах дүү нар, бөл, үеэлүүд гээд амьдралаа сайжруулсан.

-Хар тамхи хүн төрөлхтнийг сөнөөж, устгаж байна гэж та нар хэлдэг гэсэн, үнэн үү?

-Тийм ээ, хар тамхи хүн төрөлхтнийг устгаж байна, энэ бол бодит байдал. Харамсалтай нь миний төрж, өссөн нийгэмд ажил хийгээд, амьдралаа аваад явах боломж алга.

-Дэлхий даяар мансууруулах бодист донтсонд та өөрийгөө буруутай гэж боддог уу?

-Үгүй, энэ бол худлаа. Учир нь би байхгүй болсон өдөр хар тамхины хэрэглээ буурах уу? Хар тамхины наймаа буурах уу? Тийм юм байхгүй.

-Таныг шоронд байх хугацаанд таны хар тамхины бизнес өргөжиж тэлсэн үү?

-Миний мэдэж байгаагаар, бүгд хэвийн байгаа. Юу ч нэмэгдээгүй, юу ч буураагүй.

-Та нар хар тамхины наймаандаа хүчирхийлэл, тамлан зовоох арга хэрэглэдэг үү?

-Хар даа, би өөрийгөө хамгаалах л зүйл хийдэг. Би өөрөө эхэлж, яршиг түвэг уддаг байсан уу? Үгүй ээ, хэзээ ч үгүй.

-Мексик дахь хар тамхины наймааны нөхцөл байдлын талаар юу хэлэх вэ?

-Хар тамхины наймаа нь бидний эцэг өвгөдийн үеэс үүсч, соёлын нэг хэсэг болчихсон. Зөвхөн Мексикт ч биш, дэлхий даяар.

-Хар тамхины бизнес алга болох болов уу? Эсвэл бүр өргөжих үү?

-Устаж, алга болно гэж байхгүй. Бид маш олуулаа. Хэзээ ч дуусахгүй.

-Пабло Эскобар хэрхэн төгсгөл болсныг та мэднэ. Таны эцсийн өдөр ямар байх бол?

-Би нэг өдөр үхнэ гэдгээ мэдэж байна. Гэхдээ байгалийн жамаар дуусна гэдэгт итгэдэг.

-Мексикийн Засгийн газар таныг баривчлах сонирхолгүй байна гэж АНУ үзэж байх шиг байна..?

-Үгүй ээ. Мексикийн цагдаа намайг олох л юм бол баривчлана гэж бодож байна.

-Та мөрөөдөлтэй юу? Юу мөрөөддөг вэ?

-Хэвийн, энгийн зүйлийг л мөрөөддөг. Өдөр бүр мөрөөддөг гэж үү? Үгүй ээ.

-Гэхдээ мөрөөдөж, хүсдэг зүйл байгаа биз дээ?

-Бурхнаас надад өгсөн өдрүүдэд гэр бүлтэйгээ л хамт амьдармаар байна.

-Ээжтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?

-Маш сайн харилцаатай байдаг.

-Хүү, охидынхоо ирээдүйг хэрхэн харж байна?

-Сайнаар харж байна. Тэд өөрсдийн замаар явж байгаа.

-Та хар тамхи хэрэглэдэг үү?


-Үгүй. Нэлээн олон жилийн өмнө хэрэглэж байсан. Гэхдээ донтож байгаагүй. 

No comments:

Post a Comment