Tuesday, January 19, 2016




Penthouse-ын цаасан хувилбар хаагдлаа

Penthouse эротик сэтгүүл цаасан хувилбараар хэвлэгдэхээ больж, зөвхөн дижитал хэлбэрээр уншигчдад хүрэхээр боллоо хэмээн тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг General Media Communications Group-ээс мэдэгдлээ. Эдүгээ худалдаанд байгаа нэгдүгээр сарын дугаар 50 жилийн цаасан хэвлэлийн сүүлчийнх нь болж байгаа аж. Алдарт сэтгүүлийн цаасан хэвлэлд дурладаг олон уншигчдыг онлайн уншигч болгож, илүү их орон зайтай, илүү өргөн мэдээлэл хүргэнэ хэмээн тэд амлаж байна.
Тус сэтгүүл гол өрсөлдөгч Playboy-ийн адилаар хэдэн аравны өмнөөс борлуулалт нь буурсаар иржээ. Penthouse сэтгүүл болон pets буюу хуудсанд нь нүцгэн биеэ гайхуулдаг залуу хүүхнүүд 1970-аад онд ид мандан бадарч байсан билээ. Тэр үед эротик сэтгүүл хэдэн сая хувиар борлогдож, 1972 оны арваннэгдүгээр сард 7.1 хувиар зарагдаж  хосгүй амжилт тогтоож байв. Гэвч өнөөдөр борлуулалт нь 100 мянгыг ч давахаа больжээ. 2013 оны есдүгээр сард General Media Communications болон Penthouse-ын толгой компани FriendFinder Networks дампуурлаа зарласан ч хэдэн сарын дараа дансаа сэргээж чадсан юм. Playboy сэтгүүл 2016 оны гуравдугаар сараас хойш хуудсандаа нүцгэн эмэгтэйн зураг хэвлэхээ болино хэмээн зарлалаа.

Пабло Эскобарын Майами-Бич дахь харшийг нураав

АНУ-ын Майами-Бич хотын эрх баригчид нэгэн үе Колумбийн хар тамхиын мафийн зартай толгойлогч Пабло Эскобарт харъяалагдаж байсан тансаг харшийг нурааж эхэлжээ. “Чөтгөрийн байшин нүдэн дээр алга болж байгаад би баяртай байна. Тэр бол энэ дэлхийн аймшигтай гэмт хэрэгтэн байсан. Хотын энэ хэсгийг илүү гэгээлэг байлгамаар байна” хэмээн тэрхүү үл хөдлөх хөрөнгийн одоогийн эзэн Кристиан Бердуа ярилаа. Тэрээр өнгөрсөн онд уг байшинг нэг хүнээс 9.6 сая доллараар худалдаж авчээ. Эхнэр нь энэ харшийн хар түүхийг мэдсэний дараа лам залж ном уншуулж байсан аж.
Байшинг нураахаас өмнө тэд мэргэжлийн эрдэнэс хайгчдыг хөлсөлж, баримтат киноны зураг авалтын багийг дууджээ. Гэвч гантиг чулуун шалан доороос ганц төмөр авдар олсон нь аль хэдийнэ тоногдчихсон байв. Пабло Эскобар энэ харшдаа заларч байсан эсэх нь тодорхойгүй байна. Эскобарын мафи 1980-90 онд АНУ-д оруулдаг кокаины ихэнх хэсгийг хянаж байсан юм.1993 онд тусгай албаныхан түүний нуугдаж буй газрыг бүсэлсний дараа буудаж  устгасан юм.

НҮБ Өмнөд Суданд туслахыг уриалав

НҮБ Өмнөд Суданы иргэний дайнд нэрвэгдсэн хүмүүст 1.3 тэрбум долларын тусламж үзүүлэх ажлыг санаачилж, хандив цуглуулж эхэлжээ. 2013 оны арванхоёрдугаар сард иргэний дайн эхэлснээс хойш тус улсын арван мянга орчим иргэн амиа алдаж, 2.3 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Өмнөд Суданы 5.1 хүнийг дэмжин тэтгэхэд наад зах нь 1.3 тэрбум доллар хэрэгтэй байна хэмээн НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч Евгений Овус ярилаа. Өмнөд Суданд тав хүртэлх насны 680 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ. НҮБ 2016 оны хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 20 тэрбум доллар шаардлагатай хэмээн мэдэгдэж байна.

“Исламын улс” дайчдынхаа цалинг хоёр дахин багасгана

Лалын хэт даврагч “Исламын улс” бүлэг өөрсдийн дайчид болон бусад гишүүний цалинг хоёр дахин багасгахаа зэхэж байна хэмээн Британи дахь Сирийн хүний  эрхийн төвөөс мэдэгдлээ. Тус бүлэг онцгой нөхцөл байдлын улмаас зохион байгуулалтаа шинэчилж, бүтэцдээ өөрчлөлт хийж байгаа нь дайчдын цалин, хөлсийг бууруулах шалтгаан болсон бололтой. “Исламын улс”-ын хяналтад байдаг нефтийн байгууламжууд агаарын довтолгоонд өртөн ихээр сүйдсэн нь санхүүжилтэд нь муугаар нөлөөлжээ. Он гарсаар АНУ болон холбоотнууд Сири, Ирак дахь 270 байнд цохилт өгчээ. ОХУ-ын нисэх хүчин мянга гаруй байгууламжийг бөмбөгдөөд байна.

Өнөр бүл 19 дэх хүүхдээ хүлээж байна


Британийн хамгийн өнөр гэр бүл 19 дэх хүүхдээ хүлээж байна Metro мэдээлэв. 40 настай Сью, 45 настай Ноэл нар хамтдаа аль хэдийнэ 18 хүүхэдтэй болоод амжсан бөгөөд хамгийн бага нь найман сартай юм. Тэд 2014 онд 18 дахь хүүхдээ өлгийдөж авахдаа магадгүй хамгийн сүүлчийн хүүхэд байх хэмээн ярьж байв. Гэвч дахин хөл хүнд болсон гэргий “Энэ бол гэнэтийн сонин байлаа. Шинэ он гайхалтай эхэлж байна. Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэлж бай гэдэг үнэн юм байна” хэмээн өгүүлэв. Хос багадаа танилцсан бөгөөд Сью 14 насандаа анх жирэмсэлж байжээ. 

No comments:

Post a Comment