Хойд Солонгосын эсрэг хоригийг өргөтгөж магадгүй
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимийн Бүгд найрамдах
намын лидерүүд Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаны дараа тус улсын эсрэг
хориг арга хэмжээг өргөтгөх талаар ярилцжээ. Конгресс дахь эх сурвалж мэдээлж
буйгаар, дараагийн долоо хоногт энэ асуудлаар санал хурааж, Пхеньянтай хамтран
ажилладаг гадаадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч мадагүй байгаа аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн туршилтын хариуд тогтоол
гаргахаар ажиллаж байна.
Иракаас цэргээ гаргахыг Туркаас шаардлаа
Турк улс Багдадтай зөвшилцөлгүйгээр Иракийн хойд хэсэг
рүү оруулсан цэргийн хүчээ эргүүлэн татах ёстой хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак
Обама мэдэгдлээ. Тэрээр Иракийн Ерөнхий сайд Ибрагим аль-Абадитай утсаар
ярилцахдаа энэ тухай дуулгасан аж. Тэд мөн “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцлийн
талаар ярилцсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн арванхоёрдугаар сарын
дундуур Туркийн лидер Таип Эрдоганд хандаж Иракаас цэргээ гаргахыг шаардаж
байжээ.
Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглугийн хэлж буйгаар,
Багдад улс орныхоо газар нутгийн гуравны нэгийг хяналтаасаа алдсан аж. Иракийн
эрх баригчид “Исламын улс” бүлгийн эсрэг тууштай тэмцэх ёстой хэмээн Анкара
үзэж байна. Лалын босогчид өнгөрсөн зун
Иракийн хойд хэсгийн Мосул хотыг эзлэн авсан юм.
Netflix 130 улсад нэвтэрлээ
Онлайн-кинотеатрын үйлчилгээ үзүүлдэг Америкийн Netflix
видео сүлжээ Орос, Монгол, Азербайжан, Энэтхэг зэрэг 130 оронд нэвтэрлээ.
Ийнхүү тус онлайн-кинотеатр 190 орныг хамрах болов. “Бид Netflix-ийг
Азербайжан, Вьетнам, Энэтхэг, Нигери, Польш, Орос, Саудын Араб, Сингапур, Өмнөд
Солонгос, Турк, Индонези зэрэг 130 оронд нээж байгаадаа баяртай байна” хэмээн компанийн
тэргүүн Рид Хастингс мэдэгдэв. Харин Хятадад нэвтрүүлэх төсөл удааширч байгаа
аж. Мөн АНУ-ын хориг арга хэмжээний улмаас Хойд Солонгос, Сирид нэвтрэх
боломжгүй байна.
Netflix онлайн-кинотеатр нь компьютер, таблет, гар утсаа
зурагт болгон ашиглаж, кино, олон ангит кино үздэг мультимедиа телекомпанийн
шинэ үе юм. Одоогоор дэлхийн даяар 71 сая хүн Netflix-ийг хэрэглэж байна.
No comments:
Post a Comment