Sunday, January 10, 2016



Хөлбөмбөгчдийг тээвэрлэж явсан автобус гол руу унажээ

Мексикт сонирхогчийн хөлбөмбөгийн багийг авч явсан автобус зам тээврийн осолд орлоо хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв. Ослын улмаас 16 хүн амиа алдаж, арван хүн хүнд бэртжээ. Урьдчилсан мэдээллээр автобусны тоормозны ажиллагаа алдагдсаны улмаас хөлбөмбөгчид болон хөгжөөн дэмжигчид сууж явсан автобус гүүрнээс гол руу унасан байна. Зарим гэрчийн мэдүүлж буйгаар, автобусны жолооч хурд хэтрүүлж байгаад осол гаргажээ.

Өөд болсон нохойгоо хувилуулах гэж 67 мянган паунд төлөв

Британи хос Лора Жак, Ричард Жак нар байхгүй болсон нохойгоо эсийн аргаар хувилж гаргахын тулд эрдэмтдэд 67 мянган паунд төллөө хэмээн Sky News телевиз мэдээлэв. Тэдний Дилан хэмээх боксер үүлдрийн нохой өнгөрсөн онд тархины хавдраар үхсэн аж. Хосын баталж буйгаар, Сөүл дахь эрдэмтэд Диланы ДНК-гаас хоёр гөлгийг хувилж гаргаад байна. “Тэр гөлөгнүүд Дилантай яг адилхан байгаасаа гэж хүсэхгүй байна. Хүмүүс ийм хэмжээний мөнгийг өөр зүйлд зарцуулах байсан байх л даа. Гэвч энэ бол бидний сонголт” хэмээн Лора ярилаа. Британи хос хувилуулсан амьтнаа авахаар Солонгосыг зорьжээ.

 Пхеньян өмнөд ахан дүүсээ цөмийн дайнаар сүрдүүлэв

Хойд Солонгосын эрх баригчид өмнөд хөршөө цөмийн дайнаар сүрдүүлэв. АНУ Өмнөд Солонгост В-52 сөнөөгч онгоц болон цөмийн цэнэгт хошуутай далавчит пуужингаа авчирсан нь ийнхүү мэдэгдэл хийхэд хүргэсэн бололтой. “Америкууд Солонгостой сөргөөцөлдөж байсан түүхэн туршлагаасаа сургамж авах хэрэгтэй. Золоор Солонгос-Америкийн мөргөлдөөнд бид ялан гарсан. Гэвч одоо нөхцөл байдал дайны ирмэгт ирээд байна” хэмээн Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Нодон синмун” сонинд бичжээ. Пхеньян өнгөрсөн долоо хоногт устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан юм.

No comments:

Post a Comment