Sunday, January 10, 2016



Сирийн чөлөөт армийг үндэслэгч: Асад болон “Исламын улс”-ын аль нэгнийг сонгохыг өрнөд тулгаж байна

2011 оны долдугаар сарын 29-нд Дамаскийн Засгийн газрын арми ардчиллыг шаардаж жагссан хэдэн зуун хүний эсрэг гал нээж, баривчилж, тамлан зовоосны дараа найман офицер Башар Асадын дэглэмийн эсрэг тэрслэн боссон юм. Сирийн нисэх хүчинд 31 жил зүтгэсэн хурандаа Риад Асаад тэднийг толгойлон эрх баригч дэглэмийг унагаж, энгийн иргэдийг хамгаалах зорилгоор Сирийн чөлөөт армийг (Free Syrian Army, FSA) байгуулжээ. FSA нь анхны зэвсэгт босогчдын бүлэг юм. Өрнөд, Саудын Араб, Катар тэднийг зэвсэглэж, санхүүжүүлжээ. Туркийн газар нутаг дээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан FSA-ийн удирдлага 2012 оны арванхоёрдугаар сард Асаадыг эгнээнээсээ хөөсний дараа тус бүлэг сайтар бэлтгэгдсэн лалын босогчдын хүчний өмнө бутарч, олон хэсэгт хуваагдсан юм. Асаад амь насанд нь халдах 15 оролдлогыг даван гарахдаа баруун хөлөө алджээ. “El  Mundo” сонин түүнтэй уулзаж ярилцсан байна.

-Сирийн армид 31 жил алба хашихдаа юунд суралцав даа?

-Сирийн арми Сирийн хил хязгаар, ард түмэн, улс орны аюулгүй байдлыг бус, харин эрх баригч дэглэмийг хамгаалж, хадгалахад зориулагдсан байсан. Бүх өндөр албан тушаалтнууд эрх баригч дэглэмд долигнож, мафийн хамсаатан болчихсон. Өөр үзэл бодолтой генералуудыг баривчилж, армиас хөөж дуусгасан.

-Дэглэмийн эсрэг тэмцэнэ гэж байсан олон хүн таниас урвасан уу?

-Тийм ээ, сөрөг хүчин болж тэмцэж байсан олон хүн хувьсгалаас урвасан. Сирийн үндэсний эвсэл хэмээх байгууллагын олон сэхээтэн Европт амьдардаг. Тэд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, ямар ч санал, хөтөлбөр дэвшүүлэлгүй байсаар хувьсгалыг үгүй хийсэн. Энэ хүмүүс сириүдийг төлөөлөх ямар ч боломжгүй. Энэ хүмүүс л FSA-ийг удирдлагыг өдөөн турхирч намайг тэндээс хөөсөн юм.

-Яагаад хөөсөн юм бэ?

-Зорилго, чиглэл дээрээ зөрөлдсөн. Би босогчдыг нэг удирдлагатай болгож, нэг зорилгын төлөө тэмцэе гэсэн юм. Гэвч намайг няцааснаар зэвсэгт отряд бүр өөрсдөө санхүүжилтээ хайж, салж явснаар тэгш биш байдал, маргаан үүссэн. Сирийн үндэсний эвслийн олон гишүүн зөвхөн өөрсдийн батальоноо санхүүжүүлж, улс төрд нэр нүүр олох гэж хичээсэн л дээ.

-Сөрөг хүчин яагаад хэтэрхий үндсэрхэг, харгис болон хувирав аа?

-Үндсэрхэг, харгис болох үрийг нь өрнөдийнхөн 2012 оны сүүлчээр тарьсан. Сири улс нь Израиль, Иракийн хамтаар стратегийн чухал бүсэд байрладаг. Башар Асад Америк болон бусад улсын утсан хүүхэлдэй болоод дууссан. Асад болон “Исламын улс”-ын аль нэгнийг сонгохыг өрнөд тулгаж байна

-Гэвч “Аль-Кайда”-тай холбоотой бүлгүүдтэй хамтрах саналыг та гаргасан юм биш үү?

-Бид Асадыг унагах тал дээр эдгээр бүлэгтэй санаа нийлдэг. Өрнөдийн баримталдаг бодлогыг мэднэ биз дээ, “Дайсны минь дайсан миний найз” гэж. АНУ Афганистанд Осама бин Ладенийг зөвлөлтүүдийн эсрэг дэмжин турхирч л байсан. Өрнөд болон түүний холбоотнууд Сирийн хувьсгалыг үндсэрхэг, харгис болгох гэж зарим бүлгийг санхүүжүүлснээр радикал отрядууд нь улам радикал болж хувирсан. Хэвлэлийнхэн FSA-ийг зэвсэгт сөрөг хүчин гэж буруу нэрлэсэн. Бид сөрөг хүчин биш, харин хувьсгалчид юм. Бид энэ нэрээрээ бусад радикал бүлгүүдээс ялгарахыг хүсдэг.

-Жаахан дэлгэрэнгүй тайлбарлаач?

-АНУ-ын заавраар хөдөлдөг Персийн булангийн орнууд үзэл суртлыг нь харгалзаж илүү исламист бүлгүүдийг хасч, босогчдын бүлгийг санхүүжүүлдэг. Энэ нь исламист бус бүлгүүдийг улам хүчтэй болгож, цэвэр эдийн засгийн ашиг сонирхолтой урвалтыг өөгшүүлсэн юм. АНУ ийнхүү өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд Сирийн сөрөг хүчнийг улам үндсэрхэг, радикал болгочихсон. Өрнөд Сирийн дэглэмийг шахаж шаардаж байгаад унагавал бид зэвсгээ орхих болно. Сирийн ард түмэн дайнч хүмүүс биш, бид алж хядахыг хүсэхгүй байна. Гэвч Асадын дэглэмийг унагахад бидэнд тусласангүй, харин Сирид хязгаарлагдмал зэвсэг нийлүүлж, нэг нь нөгөөтэйгээ тулалдах нөхцөл байдлыг л бий болгож байна.

-Сирийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?


-Одоогийн байдлыг хараад сэтгэл өвддөг. Ираны, Оросын хөндлөнгийн оролцоо байна, гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй. Өнөөдөр сөрөг хүчний отряд, батальон бүр өөр өөрсдийн  чиглэлээр хөдөлж байна. Үндэсний эв нэгдлийн төлөө тэмцэж байгаа юм алга. Зорилгоо нэгтгэж чадвал энэ дэглэмийг амархан унагана. Эс бөгөөс энэ дайн удаан үргэлжилж, улам олон орныг хамрах болно.

No comments:

Post a Comment