Wednesday, January 27, 2016

Швед цагаачдыг буцаахаар төлөвлөж байна

Шведийн эрх баригчид цагаачлах хүсэлт гаргаад няцаагдсан 80 мянган хүнийг эх орон руу нь буцаахаар төлөвлөж буйг Гадаад хэргийн сайд Андерс Игеман мэдэгдлээ. Тэднийг шууд нислэгээр буцаах бөгөөд нэлээн хугацаа шаардагдах аж. 2015 онд 163 мянган хүн Шведэд оршин суух эрх хүсч, 55 хувьд нь нааштай хариу өгсөн байна. Нэгдүгээр сарын эхээр Швед улс Данитай залгаа хил дээр зорчигчдын бичиг баримтыг шалгах болсон юм. Богино хугацаанд олон цагаач орж ирэх нь үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эмх журамд аюултай хэмээн Шведийн Засгийн газрын зарим гишүүн үзэж байна. Сүүлийн үед Шведэд том хүний харгалзаагүй хүүхдүүд ихээр орж ирэх болжээ. Өнгөрсөн онд гэхэд л, 33 мянган хүүхэд харгалзах том хүнгүй тус улсад орж ирсэн юм.

Суданы Ерөнхийлөгч Өмнөд Судантай залгаа хилээ нээжээ

Суданы Ерөнхийлөгч Омар Хасан аль-Башир Өмнөд Судантай залгаа хилийг нээх тушаал гаргалаа хэмээн SUNA агентлаг мэдээлэв. Хил хязгаарыг нээж, ажиллуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авахыг тушаалд зааж өгсөн байна. НҮБ Өмнөд Суданы иргэний дайнд нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд 1.3 тэрбум доллар шаардлагатай байна хэмээн мэдэгдсэн билээ. Өмнөд Судан нь 2011 оны долдугаар сарын 9-нд Суданаас салж, тусгаар тогтносон юм. Судан улс зөвшөөрч, гэрээ байгуулсны дараа ийнхүү дэлхийн газрын зураг дээр Өмнөд Судан гэх улс бий болжээ. Өмнөд Судан 2011 онд НҮБ-ын 193 дахь гишүүн орон болсон юм.

Турк “Исламын улс”-аас нефть авдаг гэдэгтэй санал нийлсэнгүй


Турк улс “Исламын улс” бүлгээс нефть худалдаж авдаг хэмээн Грек, Израиль улс мэдэгдсэнтэй санал нийлэхгүй байгаагаа АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ. “Бид энэ дүгнэлттэй санал нийлэхгүй. Энэ буруутгалыг нотлох баримт бидэнд байхгүй байна” хэмээн тэрээр хэлжээ. Израилийн Батлан хамгаалахын сайд Моше Ялон хэд хоногийн өмнө “Лалын босогчид аль дээрээс Туркт нефть худалдах болсон. “Исламын улс” бүлгийн дайчид Туркийн мөнгөөр санхүүжиж байна хэмээн тэрээр буруутгасан юм. Мөн Грекийн Батлан хамгаалахын тэргүүн Панос Камменос, “Исламын улс” бүлгийн нефтийн ихэнх хэсэг Туркаар дамжин арилжигдаж байгаа хэмээн ярьсан юм. 

No comments:

Post a Comment