Tuesday, January 5, 2016




Хойд Солонгос цөмийн туршилт хийснээ зарлав

Хойд Солонгосын эрх баригчид цөмийн туршилт хийснээ албан ёсоор зарлалаа. Хойд Солонгос дахь цөмийн туршилтын бүсэд хүчтэй газар хөдөлсөн тухай Ренхап агентлаг мэдээлсэн юм. Өчигдөр өглөөний 10.30 цагт (орон нутгийн цагаар) Янгандо мужийн Пхунгери цөмийн талбайд газар доорх түлхэлт мэдрэгдсэн аж. Газар хөдлөлтийн голомт нэг км-ийн гүнд буюу газрын түвшинтэй бараг ойролцоо байжээ. Хойд Солонгосын зүүн хэсэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн хэмээн өмнө нь мэдээлж байв.
Өмнөд Солонгосын эрх баригчид хойд хөршид цөмийн туршилт хийсэн байж магадгүй хэмээн үзэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлаад байна. АНУ-ын Батлан хамгаалах яам Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайн орчим газар хөдөлснийг судлан шалгаж байгаа аж.

Испанид гурван тн кокаин хурааж авлаа

Испанийн цагдаа улс орны өмнөд хэсэгт түгээхээр зэхэж байсан гурван тн кокаиныг илрүүлэн хурааж авчээ. Галисиа мужид тусгай ажиллагаа явуулж ийм хэмжээний мансууруулах бодисыг хураан авч, нийлүүлэгч болон худалдан авагчдыг баривчилсан байна. Хар тамхи нийлүүлэгчид нь голландууд, түгээгчид нь испаниуд, худалдан авагчид нь британичууд байжээ. Нийтдээ 12 хүнийг саатуулжээ. Мафиуд Европт хар тамхи оруулахын тулд Галисиа мужийг ашиглаад олон жил болж байгаа юм. Далайн эргийн энэ мужаар дамжуулан Латин Америкийн кокаин, Африкийн гашишийг оруулахад тохиромжтой байдаг ажээ.

Ихрүүд өөр өөр онд төржээ

АНУ-ын Сан-Диего хотод нэг бүсгүй шинэ жилийн шөнө хоёр минутын зайтай амаржиж ихэр хүүхэд төрүүлжээ. Нэг нь 2015 онд, нөгөө нь 2016 онд төрсэн хэмээн АВС уламжлав. Тодруулбал эхний хүүхэд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23.59-д, хоёрдахь нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний 00.01 цагт мэндэлжээ. “Бид ихэр хүүхэдтэй болно гэдгээ мэдээгүй байсан. Хүүхдүүд маань хоёр минутын зайтай, х оёр өөр онд мэндэлсэн нь их сонин тохиолдол боллоо. Шинэ жилээр хүү, охинтой болсондоо их баяртай байна” хэмээн ихрүүдийн эцэг Лиу Валенса ярилаа.

Гвардиола Англид ажиллахыг хүсч байна

“Байерн Мюнхен” клубын дасгалжуулагч Хосеп Гвардиола энэ улирлыг дуусгаад Англид ажиллах сонирхолтой байна. “Надад шинэ уриа дуудлага хэрэгтэй байна. Шинэ орчин, Английн цэнгэлдэхүүдийн уур амьсгалыг мэдэрмээр байна. Би одоо 44-тэй, Англид шилжиж ажиллахад тохиромжтой цаг үе. Надад хэд хэдэн санал ирсэн, гэхдээ ямар ч багтай тохиролцоонд хүрээгүй байна” хэмээн Гвардиола ярьжээ.
Түүнийг “Манчестер Сити”-д очихоор болсон хэмээн таамаглаж байгаа юм. Гвардиола 2013 оноос хойш Германы клубыг удирдаж байгаа. Энэ хугацаанд “Байерн Мюнхен” Германы аваргаар хоёр удаа, цомын аваргаар нэг удаа тодорчээ. Мөн УЕФА-гийн супер цом, клубын ДАШТ-нд түрүүлсэн юм. 

No comments:

Post a Comment