Saturday, January 2, 2016




Б.Обама Кубад айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Кубад хийх айлчлалын товыг ойрын саруудад гаргахаар төлөвлөж байна хэмээн Цагаан ордны гадаад бодлогын зөвлөх Бен Родс мэдэгдлээ. “Бид энэ талаарх шийдвэрийг хоёр сарын дотор гаргах болно” хэмээн тэрээр хэлжээ. Б.Обамагийн айлчлал хүний эрхийг хөгжүүлэх, хувийн бизнесийг өргөжүүлэх, мөн арлын иргэдийг чөлөөт интернэтээр хангах зэрэг асуудалд анхаарлаа хандуулах бололтой. Кубын лидер Рауль Кастро АНУ-тай харилцаагаа сайжруулах тал дээр үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна хэмээн мэдэгджээ.

Мексикт хотын даргын амь насанд халджээ

Мексикийн Морелос мужийн Темиско хотын даргаар сонгогдоод хоёр хонож байсан хатагтай Жизела Мота буудуулж амиа алджээ. Тэрээр нийслэл Мехико хотоос 85 км-ийн зайд байдаг Темиско хотын даргын суудлыг албан ёсоор хүлээж аваад хоёр хонож байхдаа гэртээ алуулсан байна. Дөрвөн этгээд Жизела Мота руу дайрсан бөгөөд цагдаа нар хоёрыг нь устгасан аж.
Зүүний үзэлтэй Ардчилсан хувьсгал намын гишүүн, 33 настай Мота үйлдвэрлэл хөгжсөнТемиско хотыг хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэргээс цэвэрлэнэ хэмээн амлаж байсан юм. Түүний амь насанд халдсан шалтгаан тодорхойгүй байна. Өнгөрсөн онд Мексикийн хэд хэдэн хотын дарга мансууруулах бодисын наймаачдын гарт амиа алдсан билээ.

Израиль аюулгүй байдлаа чангатгана

Тель-Авивийн жуулчдын хөл ихтэй уушийн газарт халдлага болж хоёр хүн амиа алдсаны дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху аюулгүй байдлаа эрс чангатгана хэмээн амлалаа. Цагдаа, аюулгүй байдлын ажилтнуудыг шинээр дайчилж, цагдаагийн хэсгүүдийг нэмж байгуулахаар болж байна. Израилийн хойд хэсгийн Арар тосгоны оршин суугч, араб үндэстэн Нашат Мелхем энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоогоод байна. Тэрээр үүргэвчнээсээ автомат буу гаргаж ирээд хүмүүс руу буудаж эхэлж байгаа нь уушийн газрын камерт бичигдэж үлджээ.

Жерар Депардье Сталины дүрд тоглоно

Хоёр жилийн өмнө Оросын иргэншилтэй болсон Францын жүжигчин Жерар Депардье найруулагч Фанни Арданы Le divan de Staline (Сталины буйдан) кинонд Иосиф Сталины дүрийг бүтээхээр болжээ. Кинонд 1950 оны ЗХУ дахь үйл явдлыг харуулна. Залуу зураач Данилов “Ард түмний эцэг” хөшөөний төсөлтэй танилцахаар улс үндэстний эцгийн нууц өргөөнд ирдэг. Сталинтай уулзахын өмнө хамгаалалтын албаны дарга, генерал Николай Власик өөрийн биеэр байцаалт явуулахыг зураач залуу үл мэднэ.
Жерар Депардье Оросын иргэн болсондоо бахархаж, мөдхөн Орос, Европын харилцаа сайжирна гэж итгэж буйгаа илэрхийлж байсан билээ. Москва, Брюсселийн хооронд АНУ яс хаяж байна гэдэгт тэрээр итгэлтэй байдаг аж. Орос паспорттай франц эр ОХУ-д суурьшиж “Оросын бахархал” хэмээх тансаг цагны загвар гаргаад амжжээ. 

No comments:

Post a Comment