Tuesday, January 5, 2016



Саудын Араб, Иран хоёр арцалдах долоон шалтгаан

Шийт шашны санваартныг цаазалсны дараа Саудын Араб, Ираны харилцаа эрс муудаад байна. Иран улс “тэнгэрлэг өс хонзон” авна хэмээн сүрдүүлж, Тегеран дахь Саудын Арабын ЭСЯ дайралтад өртсөний дараа Эр-Рияд лалын бүгд найрамдах улстай дипломат харилцаагаа тасалжээ. Энэ нь хоёр гүрний дайсагнасан харилцааны зөвхөн сүүлчийн жишээ юм. Хоёр улс яагаад ийнхүү заналтай арцалдана вэ? BBC Mundo дайсагналцлын долоон шалтгааныг нэрлэж байна.

1. Шашин
Иран, Саудын Арабын хоорондох дайсагналцлын хамгийн том шалтгаан. Тус хоёр улс лалын шашны гол хоёр урсгалын хоёр том төлөөлөгч юм. Лалын шашин суннит, шийт гэсэн хоёр том урсгалд хуваагддаг. Зөнч Мохамед өөд болсны дараа лал шашинтнуудыг захирах гэсэн өрсөлдөөн ийнхүү тэднийг хоёр хуваасан юм. Саудын газар нутаг дээр Мекка, Медина гэсэн лалын шашны хоёр хамгийн ариун шүтээн байдаг нь лалын шашны хамгийн консерватив, олонхийн төлөөлөл болсон суннитуудыг манлайлах эрхийг тэдэнд зүй ёсоор олгодог аж. Харин шийт шашны хамгийн олон дагуултай Иран улс 1979 оны хувьсгалаас хойш шийт нийгэмлэгийн дэлхийн лидер болсон билээ.

2. Геополитик
Иран, Саудын Араб нь бүс нутгийн хамгийн нөлөө бүхий улс, хамгийн хүчирхэг армитай. Хоёулаа хөрш орнуудаа нөлөөндөө байлгахын төлөө тэмцдэг. Иранууд Саудын Араб, Бахрейн, Ирак, Сири, Ливан дахь шийтүүдэд нөлөөлөх хүчтэй хэмээн Эр-Рияд харддаг аж. Тегеран цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж, нэг өдөр цөмийн зэвсэгтэй болж магадгүй байгаа нь хөршүүдийг, тэр тусмаа Эр-Риядыг ихээхэн түгшээж байна.

3. Улс төрийн үзэл баримтлал
Саудын Араб нь консерватив лал шашныг номлодог хаант засаглалтай. Харин Иран нь лал шашны итгэл үнэмшлийн илүү хувьсгалч хувилбарыг барьдаг. 1979 оны хувьсгалын лидер, аятолла Хомейни хаант засаглалыг лал шашин биш гэж үздэг ажээ. Иранууд Израилийн эсрэг тэмцэж байгаа Палестиныг дэмжиж, Эр-Риядыг палестинуудын асуудлыг үл ойшоож, өрнөдийн ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн буруутгадаг бол, Саудын Араб нь өрнөдийн орнуудтай сайн харилцаатай байж, олон зуун сая доллараар зэвсэг худалдаж авдаг ажээ.

4. Сири
Иран нь Оросын адилаар Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын гол холбоотон юм. Саудын Араб Асадын Засгийн газрыг эсэргүүцдэг суннит босогчдын бүлгийг ивээн тэтгэж, санхүүжүүлдэг гол улс ажээ.

5. Ирак
Саудын Араб болон Персийн булангийн бусад улс 1980-88 оны Иран-Иракийн дайны үеэр Саддам Хусейнийг дэмжиж байв. Тэр үед Эр-Риядын тэнгисийн цэргийн флот Ираны довтолгоонд өртөж байжээ. Дайны дараа Саудын Араб, Иран хоёр гурван жилийн турш дипломат харилцаагаа зогсоож байв. Багдад Саудын Арабыг радикал суннит бүлгүүдийг дэмжиж, Ирак дахь шашин хоорондын мөргөлдөөнийг өөгшүүлж байна хэмээн буруутгасан юм.

6. Йемен
Саудын Араб нь Арабын хойгийг Йементэй хувааж эзэмшдэг. Йеменд шийт үндэстний чухал цөөнх болох хути үндэстнүүд амьдардаг. Хути нар Йемений Засгийн газрын эсрэг босч улс орны зарим хэсэг, тэр тусмаа нийслэл Сана хотыг эзэлсэн билээ. Йемений эрх баригчдыг Саудын Араб илт дэмждэг аж. Иран улс мөн Йемений дотоод хэрэгт оролцож байгаа нь Эр-Риядыг улам эгдүүцүүлж байна.

7. Нефть

Нефть нь хоёр улсын хувьд нэн чухал стратегийн бүтээгдэхүүн. Саудын Араб нефтийн олборлолт, экспортоор дэлхийд тэргүүлдэг. Гэвч аль хэр олборлож, ямар үнээр худалдах ёстой вэ гэдэг дээр янз бүрийн санаа бодол байдаг аж. Саудын Араб нь Ираныг бодвол цөөн хүн амтай, маш баян улс. Тиймээс тус улс нефтийн үнийн богино хугацааны уналтыг тэсвэрлэж чадна хэмээн мэдэгддэг. Харин Иран улс нефтээс ашиг олохын тулд үнийг өндөр байлгах сонирхолтой байдаг ажээ. Нефтийн үнийг өсгөхийн тулд олборлогч орнууд олборлолтоо багасгах ёстой хэмээн Тегеран үздэг ч Саудын Араб үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байна. 

No comments:

Post a Comment