Monday, January 18, 2016



Цагаачдыг англи хэл сурахгүй бол буцааж явуулна

Их Британид ирсэн лал шашинтай цагаач эмэгтэйчүүд англи хэл сурахгүй бол байнгын оршин суугчийн эрхийг нь хурааж авна хэмээн Ерөнхий сайд Дэвид кэмерон мэдэгдлээ. Их Британид амьдардаг 190 мянган лал эмэгтэй (нийт лал эмэгтэйчүүдийн 22 хувь нь) англи хэл мэддэггүй гэсэн тооцоо бий. Лал эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, нийгмээс тусгаарлахын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсон хэмээн тус улсын эрх баригчид үзэж байна. Мөн Их Британи дахь шашны зөвлөл, лалын хууль буюу шариатын шүүхийн (тус улсад 80 орчим байдаг) үүргийг нарийн чанд, гүнзгий шалгах ёстой хэмээн консерватив лидер үзэж байгаа юм. Зарим эрэгтэйчүүд эхнэр, охин дүү, охин хүүхдүүдээ шариатын хууль сахиулж байгаа нэрээр хорьж цагдаж, хор хохирол учруулдаг хэмээн үзэж байгаа аж. Лал шашны зарим нийгэмлэг эмэгтэйчүүдийг хүчээр нөхөрт гаргах, эмэгтэй бэлэг эрхтнийг нь тайрах зэрэг жигшүүртэй арга, хэлбэрийг өөгшүүлдэг хэмээн Д.Кэмерон үзэж байна. Мөн лалын хэт даврах үзлийг сурталчилж, Их Британийн газар нутаг дээрээс “Исламын улс” бүлгийн эгнээнд дайчин элсүүлэхэд ч гар хөл болж байгаа хэмээн үзжээ.
Их Британид оршин суудаг лал эмэгтэйчүүд сургууль, сургалтын төвд англи хэл сурахад зориулж төсвөөс 26 сая паунд гаргахаар болсныг Ерөнхий сайд зарлалаа. “Тэд англи хэлээ сайжруулж чадахгүй бол Их Британид оршин суух эрхтэй нь ярих болно. Илүү нэгдмэл, илүү нягтарсан, бүгдэд жинхэнэ боломжийг олгосон нийгмийг бий болгох тухай ярьж байна” хэмээн Кэмерон хэлжээ. “Өмнө нь манай улсад ирж байгаа хүмүүсийг салангид, тусгаарлагдмал байдлаар амьдрахыг зөвшөөрдөг байлаа. Энэ нь том алдаа байсан гэж би бодож байна” хэмээн тэрээр нэмж өгүүлэв.

Дэвид Кэмерон сүүлийн үед лал нийгэмлэгийн эсрэг мэдэгдлийнхээ улмаас ихээхэн шүүмжлүүлж байгаа юм. Ногоон намын лидер Натали Беннетт Засгийн газрын лидерийн санаачилгыг хатуу шүүмжилж байна. Тэрээр Twitter хуудсандаа “Дэвид Кэмерон тэргүүтэй Засгийн газар 2011 онд цагаачдад зориулсан англи хэлний хичээлийг таслан зогсоож байсан. Гэтэл одоо цагаачид англи хэл сурсангүй хэмээн гомдоллож байна” хэмээн бичжээ. Их Британи дахь хоёр дахь том шашин нь лал шашин юм. 2011 оны хүн амын тооллогоор, Их Британийн лал шашинтай хүн хоёр сая 706 мянга байсан нь нийт хүн амын 4.5 хувь ажээ. Англид 2.66 сая, Шотландад 76 мянга, Уэльст 45 мянга, Хойд Ирландад гурван мянган лал шашинтан амьдардаг гэсэн дүн гарчээ. 

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete