Ирак терроризмын эсрэг ганцаараа тэмцэнэ
Ирак улс террорист бүлгийн дайчидтай гадаадын оролцоотой
бус, зөвхөн өөрсдийн гараар тэмцэх болно хэмээн тус улсын Гадаад хэргийн сайд
Ибрахим аль-Жафари мэдэгдлээ. “Иракт газраар болон бусад арга замаар явуулдаг
ажиллагааг зөвхөн Иракийн аюулгүйн хүчин удирдах болно. Гадаадын ямар нэг
оролцоо хэрэггүй. Зөвлөхүүд ч хэрэггүй. Ирак улс бүрэн эрхээ хэнээр ч
зөрчүүлэхгүй” хэмээн тэрээр онцолжээ. Пентагон Эштон Картер Ирак, Сири дахь “Исламын
улс” бүлгийн эсрэг газраар цэргийн ажиллагаа явуулж магадгүй хэмээн мэдэгдсэн
юм.
Франц онц байдлаа сунгах уу
Францын Гадаад хэргийн сайд Бернар Казнев улс орон дахь
онцгой байдлын дэглэмийг хоёр сараар сунгахын төлөө байна. “Аюул оршсоор байгаа
гэж бид үзэж байна. Тиймээс онцгой байдлын дэглэмийг сунгах хэрэгтэй” хэмээн
тэрээр ярилаа. Онцгой байдал, цагдаагийн сонор сэрэмжийг аль болох бага
хугацаагаар сунгах ёстой хэмээн тэрээр үзэж байгаа аж. Францын Ерөнхий сайд
Мануэль Вальс мөн онцгой байдлын дэглэмийг сунгахын төлөө байгаагаа мэдэгдсэн
байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парист цуврал халдлага болж, зоогийн
газар руу буудаж, “Батаклан” театрт концерт үзэж байсан хүмүүсийг барьцаалж,
Стад де Франс цэнгэлдэхийн гадаа бөмбөг дэлбэрсний улмаас 130 хүн амиа алдсан
юм.
Сирийн арми 120 км нутгийг чөлөөлөв
Сирийн арми ардын босогчдын дэмжлэгтэйгээр хоёр хоногийн
дотор хойд хэсгийн Латаки мужийн 120 км газар нутгийг чөлөөлжээ. Энэ тухай
Сирийн армийн командлалаас мэдэгдсэн байна. Латаки мужийн үлэмж газар нутгийг
лалын хэт даврагчдаас чөлөөлж, 20 орчим террористыг устгажээ. Олон хэт даврагч Туркийн хилийн зүг зугтааж алга болсон аж. Мөн стратегийн чухал түшиц
газрын нэг Рабия хотыг лалын босогчдоос чөлөөлж, террористуудын хангалтын замыг
тасласан байна. Сирийн Засгийн газрын
цэргийн давшилтад Оросын нисэх хүчний дэмжлэг ихээхэн тус болж байгаа юм.
Бразилийн шоронгоос 40 хоригдол оргожээ
Бразилийн Ресифе хотын шоронгоос 40 хоригдол оргожээ. Тэд
шоронгийн ханыг дэлбэлж нүх гаргаад оргосон байна. Шоронгийн хана дэлбэрэлтэд нурж, хоригдлууд хэрхэн гарч зугтаж байгааг орон нутгийн телевизээр
харуулсан байна. Оргосон хоригдлууд хотын гудамжаар тарж, зарим нь айлд орж нуугджээ.
Цагдаа нар хоёр хоригдлыг буудан устгаж, ихэнхийг нь баривчилсан мэдээ ирж
байна.
Хэд
хоногийн өмнө Бразилийн бас нэг шоронгоос 53 хоригдол оргосноос 13-ыг нь л
барьж чаджээ. Тус улсын шоронгийн даац хэтэрсэн ч харуул, хуягуудын тоог эрс
цомхотгосон нь ийм үр дагавар авчирч байгаа бололтой.
No comments:
Post a Comment